БАЯНХОНГОР: Цасанд суусан дуудлага нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-21 13:17:48

Баянхонгор,  2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 1-20 см цастай, хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд Онцгой байдлын газарт ирэх дуудлага нэмэгджээ.


Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид энэ сарын 20-нд цасанд суусан тухай гурван дуудлагын дагуу ажиллаж, гурван автомашиныг цаснаас татан гаргаж зорчигчдыг аюулаас аварсан байна.


Тодруулбал,

Баянхонгор аймаг, Бууцагаан сумын Тэмээт багийн "Хөтөл-Ус" гэдэг газар /аймгийн төвөөс баруун 172 км, сумын төвөөс зүүн зүгт 8 км/-т хоёр автомашин цасанд суусан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 20-ны өдрийн 21.34 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 22.27 цагт очиж иргэн З-ын Портер загварын ачааны автомашин, иргэн Б-ын Тоёота королла загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 28 минут ажиллаж татан гаргажээ.


Мөн Баянхонгор аймаг, Өлзийт сумын Байн хөндий багийн "Их хүрэн толгой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 65 км, сумын төвөөс урд зүгт 45 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 20-ны өдрийн 21.29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид  65 км замыг туулан 23.50 цагт очиж иргэн Б-ийн Рав-4 загварын суудлын автомашин /нэг зорчигчтой/ цасанд суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан байна.

Холбоотой мэдээ