Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-21 16:30:22

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. НИТХ-ын зөвлөл хуралдаж, нийслэлийн энэ оны төсөвт өөрчлөлт оруулах зэргийг хэлэлцэхээр дэмжлээ.


НИТХ-ын ээлжит хуралдааныг хоёрдугаар сарын 23-нд хуралдуулахдаа төсвийн хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион байгуулж, эцэслэн батлах юм. 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ оны төсөвт өөрчлөлт оруулах талаар танилцуулахдаа, “Засгийн газраас нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих тогтоол гаргасан. Метро барих гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээ хийх зэргийг нийслэлийн төсөвт тусгахаар өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын дагуу метро барихад 333, төслийн зөвлөх үйлчилгээний ажилд 54.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.


Төсвийн тодотголоор Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруугийн гудамж, Олимпын гудамжнаас-Их монгол улсын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам, талбайг байгалийн чулуугаар тохижуулах санхүүжилтийг шийднэ. Түүнчлэн Урт цагааны гудамж, 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, ногоон байгууламж хийх юм. Сургууль, цэцэрлэггүй томоохон хотхон, хорооллын төлөвлөлтийн алдааг засаж, тодорхой байршлуудад сургууль, цэцэрлэгийн барих ажлыг эхлүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн энэ оны хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийг тодотголд тусгажээ. Мөн тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварт 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг төсөлд тусгасан байна. Хүн ам олноор төвлөрсөн “Алтай” хотхон, Кинг тауэр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Материал импекс зэрэг хотхон, хороололд улсын сургууль, цэцэрлэг барих талаар хувийн аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, газар чөлөөлж, дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалт хийж эхлэх аж.

Холбоотой мэдээ