5000 гаруй иргэдийн саналыг тусгасан үйл ажиллагааны хөтөлбөр батлагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 2-р хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлав.
Хөтөлбөрийг “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”, “Хөгжсөн Хөвсгөл 2030 хөгжлийн хөтөлбөр”, МАН-ын 2016 оны сонгуульд дэвшүүлсэн “Таны захиас хөгжлийн хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэслэн 5000 гаруй иргэдийн саналыг тусгай хуудас болон цахимаар авч нэгтгэн боловсруулжээ.
“Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилгыг “Бүх нийтийн хамтын оролцоо, бүтээлч үйл ажиллагаанд суурилсан аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын тогтвортой хөгжилд тулгуурласан хүний амьдрах, ажиллах, хөгжих таатай орчинг бүрдүүлсэн хүнд суртал, авилгаас ангид, ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглалтай иргэнээ дээдлэгч аймаг болж, эрчимтэй хөгжлийн үндсийг тавина” гэж тодорхойлсон байна. Үйл ажиллагааны хөтөлбөр нь 3 үндсэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд 14 дэд хөтөлбөр, бодлогийн 115 зорилт 655 арга хэмжээтэйгээр хэрэгжинэ. “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг 2 жил тутам тооцож, тайлагнаж байхаар тусгасан нь хөтөлбөр биеллээ олж, үр дүнд хүрэх хөшүүрэг болно гэж үзэж байгаа ажээ.
Б.Гантуяа