Малын хорогдол 6 хувьд хүрвэл индексжүүлсэн даатгалын үнэлгээ хийлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-22 13:36:26

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Шуурхай бүлэг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Галт, Шинэ-Идэр сумын 50 гаруй малчинтай уулзан, эмнэлгийн үйлчилгээ, хүнсний багцын тусламж үзүүллээ.


Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги нэгтгэлээс Хөвсгөл аймагт туулах чадвартай 8 машин дайчилснаас Галт, Шинэ Идэр сумдад хуваарилжээ. Айл бүрийг чиглэсэн зам гаргах хүндрэлтэй учир машин техник ашиглан зам гаргаж байна. Мөн сургуулийн 60 гаруй хүүхдийг сургуульд нь татан авчирчээ.


Шинэ-Идэр сумын малын хорогдол 5.3 хувь хүрээд байна. Хэрвээ 6 хувьд хүрвэл малын индексжүүлсэн даатгалыг судлах, даатгалын багийг газар дээр нь ажиллуулж, үнэлгээ яаралтай хийлгэхийг ХХААХҮЯ мэдээллээ.



Галт суманд 50 хувийн хөнгөлөлттэй 30 тонн, Шинэ-Идэр суманд 50 тонн тэжээл аймгийн нөөцөөс өгсөн бол Шуурхай бүлэг тус бүр 5 тонн тэжээл нэмж олгох юм. Сум, аймгийн нөөц дууссан тул санхүүгийн эх үүсвэрийг аймгийн Онцгой комисс шийдэхээр болжээ.

 

 

Холбоотой мэдээ