Хаврын тэмцээнд "Миягино" дэвжээг "Исэгахама”-гийн ояката удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-26 11:33:39

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, залуу бөхчүүдийг дэглэсэн Хокүсэйхо А.Даваанинж, түүний багш Миягино ояката нарыг шийтгэсэн билээ.


Тэгвэл холбооны хэвлэл, мэдээлэл хариуцсан ояката Шибатаяма сэтгүүлчдэд, “Багшийн үүргээ биелүүлж чадаагүй Миягино оякатаг хоёр зэрэглэл бууруулж, гурван сар цалингийн 20 хувиар торгох шийдвэр гаргасан. Миягино ояката буруугаа хүлээсэн. Зэрэглэл бууруулна гэдэг нь Сумогийн холбооны долоон шийтгэлээс халах, зодог тайлуулахын дараа гуравдугаарт ордог хүнд шийтгэл.


Зөвлөлийн хуралдаан дээр Миягино оякатаг сумогийн холбооноос гаргах бодолтой хүн ч байсан. 45 түрүүлсэн алдарт аваргад ийм хатуу шийтгэл оноосон нь түүнийг сумогийн түүхэнд үлдээсэн алдар гавьяандаа ялагдалгүй, улам хичээгээсэй гэж үзсэнийх юм.


Мөн түүнийг дэвжээ удирдах мэдлэг, чадвар дутмаг гэж үзсэн тул хаврын тэмцээнд “Исэгахама”-гаас ояката тус дэвжээг удирдана. Дөрөвдүгээр сард ч гэсэн тус гал “Миягино” дэвжээг авч явах болно. Тодорхой зүйлийг Сумогийн холбоо, “Исэгахама” гал хоёр шийдвэрлэх болно” гэжээ.

Холбоотой мэдээ