Хятад улс Сар луу нисэх шинэ хөлөг зохион бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-02-26 12:45:05

БЭЭЖИН, 2024 оны хоёрдугаар сарын 26 /Xinhua/. Сарыг судлах жолоодлогот нислэгт зориулан бүтээж буй Хятадын шинэ үеийн сансрын хөлгийг “Мэнжөү” буюу “Мөрөөдлийн хөлөг” хэмээн нэрлэхээр болсныг жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар /CMSA/ мэдээлжээ.  


"Сарны гадаргууг судлах жолоодлогот нислэгийн хөтөлбөр бол Хятадын ард түмний мөрөөдлийг тусгаж, сансар огторгуйн орон зайг судлах шинэ замын эхлэлийг тавьж буйг энэ нэр илэрхийлнэ" гэж CMSA онцолсон байна. 


Сансрын уг хөлгийн буугч төхөөрөмжийг "Ланьюэ" буюу “Тэнгэрээс Сарыг шүүрч авах” хэмээн нэрлэх ажээ. Энэ нэрийг Мао Зэдүний шүлгээс авсан бөгөөд Хятадын ард түмэн Орчлон ертөнцийг судалж, Саран дээр бууна гэдэг итгэлийг илэрхийлж буй юм. Эдгээр нэрийг олон нийтээс ирүүлсэн 2000 шахам саналаас сонгож авчээ. 


Төлөвлөсний дагуу Хятадын сансрын нисгэгчид Сарны гадаргуу дээр 2030 оноос өмнө хөл тавина. Манай гаргийн цорын ганц дагуул руу хийх жолоодлогот нислэгийн хүрээнд хоёр зөөгч пуужингаар сансрын хөлөг болон буугч модулийг тойрог замд гаргах юм. Сансрын хоёр аппарат залгагдсаны дараа сансрын нисгэгчид сансрын хөлгөөс гарч буугч модуль руу орно.


“Мэнжөү” сансрын хөлөг, “Ланьюэ” буугч төхөөрөмж болон "Чанжэн-10" зөөгч пуужинг одоогоор зохион бүтээж байгаа юм.




Холбоотой мэдээ