Ерөнхийлөгч Байден Украины дайнд Америкийн цэргүүдийг оролцуулахын эсрэг байгаа гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-28 09:37:44

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 28 /АFP/. Украин руу цэргээ илгээх эсэх нь улс орнууд өөрсдөө бие даан гаргах шийдвэр юм гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби сэтгүүлчдэд зориулсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.


НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг эвслийн ивээл дор цэрэг илгээх төлөвлөгөө, зорилго байхгүй гэж мэдэгдсэнийг тэрбээр онцлон тэмдэглэв. “Энэ бол НАТО-гийн холбоотон орон бүр бие даан гаргах хараат бус шийдвэр юм. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга өөрөө цэрэг илгээх төлөвлөгөө, зорилго байхгүй гэж мэдэгдсэн" хэмээн Ж.Кирби хэллээ.


Украинд цэрэг илгээх талаар Францын Ерөнхийлөгч Э.Макроны хийсэн мэдэгдэлд тайлбар өгөхдөө Ж.Кирби "Ерөнхийлөгч Байден Украины дайнд Америкийн цэргүүдийг оролцуулахын эсрэг байр суурьтай байгааг" цохон тэмдэглэв.


АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден мөргөлдөөн эхлэх тэр үед Америкийн цэргүүд Украинд цэргийн ажиллагаа явуулахгүй гэдгийг маш тодорхой хэлсэн гэдгийг Цагаан ордны зохицуулагч дурдлаа. 


Европын Холбоо, НАТО-гийн гишүүн хэд хэдэн орон Киевтэй байгуулсан хоёр талын хэлэлцээрийн үндсэн дээр Украин руу цэргээ илгээх боломжийг судалж байна гэж Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо хоёрдугаар сарын 26-нд мэдэгджээ. Ийм боломж байхыг үгүйсгэхгүй гэж мөн Э.Макрон мэдэгдсэн юм. Харин НАТО-д ийм төлөвлөгөө байхгүй гэдгийг Столтенберг хоёрдугаар сарын 27-нд мэдэгджээ. Түүнчлэн Герман, Чех, Польш, Швед улсуудын Засгийн газруудын тэргүүн нар, мөн Унгарын Гадаад хэргийн сайд мөн адил мэдэгдлийг хийсэн юм. 



Холбоотой мэдээ