СЭЛЭНГЭ: Үйчүүр тоглоом нь цээжээр тоо бодуулахад чиглэдэг байна

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2024-02-28 11:23:57

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол түмний дунд дэлгэрсэн олон төрлийн үндэсний тоглоом байдаг. Үүний нэгэн төрөл болох үйчүүр тоглоомын тухай Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейгээс толилууллаа.

 

Цагаан сарын шинийн нэгэнд тоглодог ихэд хүндтэй тоглоомын нэг нь үйчүүр юм. Үйчүүрийг шоо хаяж тоглох бөгөөд шооны нүд бүр нь урам зориг, хийморь бэлгэдлийг илэрхийлдэг байна.

 

Энэхүү тоглоомыг тоглосноор багаар ажиллах, цээж тоог хурдан бодох, хурдан сэтгэж, шийдвэр гаргах дадлыг хөгжүүлдэг өндөр ач тустай ажээ. Мөн тоглоомын үндсэн ач холбогдол нь цээжээр тоо бодуулахад чиглэдэг байна.

 

Монголын нутаг болгонд үйчүүрийг өөр өөрөөр нэрлэж, үйчүүрт дүрслэх амьтад ч өөр байх нь бий. Нийтлэг нь цаасан үйчүүр бөгөөд өнгө өнгийн будгаар арслан, бар, ирвэс, нохой, үнэг, буга, харцага, хүдэр, туулай, бялзуухайн дүрс бүхий 134 ширхэг мод, 512 лангийн үнэлгээтэй амьтад байдаг аж.

 

Амьтдыг ямар нэгэн хэв загварт баригдалгүй уран сайхны зохиомжтойгоор өнгө ялган дүрсэлсэн байдаг байна. Мөн тэмээний яс, модон дээр дээрх амьтдыг сийлж хийсэн нь эдэлгээ удаан бөх бат байдаг байна.

 

Уг тоглоомыг хэдэн ч хүн тоглож болдогоороо онцлогтой юм. Үйчүүр тоглоомыг тоглохдоо хамгийн отгоноосоо эхлэн 4 ширхэг шоо хаяж эхэлдэг байна.

 

Шоо нь улаан, хар нүдтэй. Одоо хэрэглэдэг шоотой ижил боловч улаан хар нүдний өнгө зөрүүтэй байдаг аж. Буусан улаан, хар нүдний нийлбэрээс хамааран лангаар үнэлэгдэх амьтдаас авна. Зарим нь буцааж өгөх буюу торгуулах, шооны нийлбэрт нь таацах амьтан байхгүй бол өнжих зэрэг тохиолдол гардаг байна.

Амьтад тус бүр үнэлгээтэй учир бүх амьтад дуусахад хамгийн их лан цуглуулсан хүн хождог байна.

 

Энэхүү тоглоомын арслан нь хамгийн том мод юм. Арслан авсан хүн хожигдвол "хамуурлаа" гээд гурван жил авдартаа хадгалдаг уламжлалтай аж. Эдүгээ энэ тоглоомыг сэргээн тоглож, хүүхэд залуус суралцсаар байна. Мөн үйчүүр нь хөзрийн хамгийн эртний хэлбэр юм. Өөрөөр хэлбэл монголчууд эрт үедээ хөзөртэй төстэй тоглоомоор наадаж байжээ.

 

Иймээс Үндэсний монгол тоглоом, наадгайгаар дамжуулан олгодог тэсвэр, хатуужил, ухаан тэлэх сайхан уламжлалаа хүүхэд залуус, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх нь нэн чухал юм. 

Холбоотой мэдээ