Хятадын төрийн сангууд хөрөнгийн зах зээлд 57 тэрбум доллар нийлүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 28 /Bloomberg/. Хятадын төрийн сангууд хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор он гарснаас хойш 410 гаруй тэрбум юанийг /57 тэрбум ам.доллар/ нийлүүлсэн тухай дэлхий даяар санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг Швейцарын үндэстэн дамнасан “UBS Group AG” компанийн тоймд дурджээ.
UBS-ийн шинжээчид дээрх тооцооллыг гаргахдаа Хятадын биржээр хувьцаа нь арилжаалагддаг 54 сангийн /ETF/ мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Нийлүүлсэн мөнгөний 75 гаруй хувийг CSI 300 индекс, 13 орчим хувийг CSI 500 индекст оруулсан гэж UBS-ийн тоймд онцолсон байна.
Сүүлийн уналтын дараа Хятадын хөрөнгийн зах зээлийг тогтворжуулахад төрийн сангууд гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Bloomberg агентлаг дурджээ.
Хятадын “China Investment Corp” хөрөнгө оруулалтын сангийн охин компани болох “Central Huijin” энэ сарын эхээр мэдэгдэхдээ, EFT-д оруулах хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ гэсэн байна. Зарим ETF-ийн арилжааны хэмжээ нэмэгдэж байгаа нь төрийн сангууд том компаниудын төдийгүй жижиг компаниудын хувьцааны аль алиныг нь идэвхтэй худалдан авч байгааг харуулж байна.
Хятадын төрийн сангуудаас 2015 оны 7-9 дүгээр сарын хооронд хөрөнгийн зах зээлийн уналтыг тогтоон барихын тулд 1.24 их наяд юанийг нийлүүлж байжээ. Харин энэ оны нийлүүлэлт мэдэгдэхүйц бага байгаа бөгөөд онцгой байдал үүссэн нөхцөлд өсгөх магадлал хэвээр байна гэж UBS-ийн тоймд дурджээ.
CSI 300 индекс энэ сард 7 гаруй хувиар өссөн бол Хонконгт арилжаалагддаг Хятадын компаниудын хувьцааны ханш 10 гаруй хувиар өсжээ. Хувьцаа ийнхүү өссөн нь Хятадын эх газрын зах зээл цаашид өсөх боломжтой гэдгийг харуулж байна.