Мичиганы анхны шатны сонгуульд Ж.Байден ялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 28 /CNN/. Мичиган муж улсад өчигдөр болсон Ардчилсан намын анхан шатны сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Жо Байден төвөггүй ялна гэсэн таамаглалыг CNN, Associated Press зэрэг тус улсын тэргүүлэх агентлагууд дэвшүүлжээ.
Санал тооллого үргэлжилж байгаа тул санал хураалтын албан ёсны дүнг хараахан танилцуулаагүй байна. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө өрсөлдөж буй Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дин Филлипс (Миннесота муж улсаас сонгогдсон) Ж.Байденаас хамаагүй цөөн санал авчээ.
Тус муж улсын сонгогчдын нэлээд хэсэг нь Палестин-Израилын мөргөлдөөний талаарх Америкийн одоогийн засаг захиргааны бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Байденыг дэмжихээс татгалзаж, "саналын хуудсыг хүчингүй болгожээ". Мичиганд араб гаралтай 300 мянга гаруй америкчууд амьдардаг.
Мичиганы сунгаагаар удахгүй болох Ардчилсан намын их хурлын үеэр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжих төлөөлөгчдийг сонгодог. Ж.Байден тус муж улсын анхан шатны сонгуулиар 117 төлөөлөгчийн наад зах нь 27-гийнх нь саналыг авна гэж CNN мэдээлэв.
АНУ-ын Чикаго хотноо наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох Ардчилсан намын их хурлын эхний шатны санал хураалтаар намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд өрсөлдөгчид 1968 төлөөлөгчийн санал шаардлагатай гэж CNN-ийнхэн тооцоолсон байна. Ардчилсан намын анхан шатны сонгууль болсон бүх муж улсад Ж.Байден ялаад байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно.