“Бүх оддын барилдаан”-д улсын аварга О.Хангай хамгийн олон санал авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-01 11:37:42

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Үндэсний бөх алтан цомын барилдааны “Бүх оддын барилдаан” зохион байгуулахаар болж, санал асуулга эхэлсэн талаар бид мэдээлсэн.


Тэгвэл долоо хоног үргэлжилсэн санал асуулга дуусаж, шилдэг 14 бөх тодорчээ. 14 бөхийг улсын аварга О.Хангай 17590 саналаар хол тасархай тэргүүлсэн бол улсын харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан нар эхний гуравт багтжээ. Харин улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон нар айрагдсан байна.


Үүнээс гадна даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, арслан Р.Пүрэвдагва, заан М.Лхагвагэрэл, Б.Пүрэвсайхан, харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат, Г.Ганхуяг, начин Э.Сумьяабат нар үзэгчдээс хамгийн олон санал авчээ.


Шилдэг 14-т Ховд, Архангайгаас тус бүр дөрөв, Увс, Булганаас тус бүр хоёр, Өвөрхангай, Завханаас нэг бөх багтав.


Уг барилдаанд зодоглож буй хамгийн өндөр эрэмбэтэй бөхчүүд болох даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс нар багаа ахална. Тэд багаа бүрдүүлэхдээ NBA-гийн драфтлах зарчмаар ээлжилж бөхчүүдээ сонгох юм. 

Холбоотой мэдээ