Сөүлд 2026 он гэхэд 1000 цэцэрлэг, ногоон байгууламж байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-03-07 17:20:44

СӨҮЛ, 2024 оны гуравдугаар сарын 7 /The Korea Herald/. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа 2026 он гэхэд 1007 цэцэрлэг, ногоон байгууламж шинээр байгуулах төлөвлөгөөгөө өнөөдөр танилцууллаа. Үүний хүрээнд 2024 оны эхний хагаст 150 цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. 


Хотын захиргаа 265.9 тэрбум вон буюу 199.8 сая ам.долларыг хотын эргэн тойронд хүүхдүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан цэцэрлэгжүүлсэн талбай, ногоон байгууламж байгуулахад зарцуулах ажээ.


Шинэ цэцэрлэгүүдийг байгуулах нь Сөүл хотын иргэдийн сэтгэл зовнил, стрессийн түвшнийг бууруулах зорилготой гэж хотын захиргааны Цэцэрлэгт хүрээлэн, соёл амралтын хүрээлэнгийн асуудал эрхэлсэн товчооны дарга Ли Сү Ён хэллээ.


Цэцэрлэг гэх мэт ногоон байгууламжийг харах нь хотын дүр зургийг харахтай харьцуулахад сэтгэл зовнилыг 20 хувиар, долоо хоногт хамгийн багадаа нэг удаа цэцэрлэгт цагийг өнгөрүүлэх нь стрессийг 60 хувиар бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосныг тэрбээр эш татжээ.


Хүмүүст өдөр тутамдаа улирлын өөрчлөлтийг мэдрэх боломжийг бүрдүүлэх жижиг хэмжээний ногоон байгууламжийг бий болгох зорилгоор цэцэрлэгүүдийг байгуулж буй юм. Тийнхүү хотын өргөн чөлөө, дээвэр, гүүрэн гарцан дээр, мөн орон сууцны хорооллуудын ойролцоо зэрэг нийт 167 байршлыг цэцэрлэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ