Цэвэр үүлдрийн азарганаас үр авч хадгалж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Малын удмын сангийн үндэсний төвийн Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь цогцолбор өнгөрсөн онд иргэд, аж ахуйн нэгжүүдийн импортоор авсан англи, араб үүлдрийн азарганаас үр авч, Монгол Улсын малын үндэсний генийн санд хадгалахаар туршиж байна.
Азарганаас үр авч малын үндэсний генийн санд хадгалах ажил урд өмнө хийгдэж байгаагүй юм. Тус байгууллагын мэргэжилтнүүд ХААИС-ийн судлаач, эрдэмтэдтэй хамтран Герман, Франц улсаас авсан азарганы үр шингэлэгчийг Монгол орны нөхцөлд туршин нэвтрүүлсний дүнд ичээж, хөлдөөсөн үрийн идэвх, хөдөлгөөн сайн байгаа үр дүн гарчээ. Цаашид Монгол үүлдрийн азарганаас үр авч, хадгалах ажлыг туршихаар төлөвлөөд байгааг ХХААХҮЯ мэдээлэв.