Каталоны салан тусгаарлах үзэлтнүүдтэй холбоотой хуулийн төслийг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-03-15 09:30:25

МАДРИД, 2024 оны гуравдугаар сарын 15 /DW/. Испанийн парламентын доод танхим буюу Депутатуудын конгресс 2017 онд тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулгад оролцсон каталончуудад өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг пүрэв гарагт баталлаа.


Хуулийн төслийг 178 гишүүн дэмжиж, 172 гишүүн эсэргүүцсэнээр баталжээ. Хууль зүйн сайд Феликс Боланос мэдэгдэхдээ, өршөөлийн хууль 400 орчим хүнд хамаарна гэв. Каталоны салан тусгаарлах үзэлтнүүдэд өршөөл үзүүлэх төлөвлөгөө нь маргаан дагуулж, өнгөрсөн оны сүүлээр хэт барууны үзэлтнүүд эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байв.


Ерөнхий сайд Педро Санчесийн социалистууд анх өршөөл үзүүлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлж байсан хэдий ч долоодугаар сард болсон сонгуулийн дүнгээр парламентад аль ч нам олонхын суудал аваагүй тул П.Санчес засгийн газраа байгуулахын тулд Каталоны салан тусгаарлах үзэлт “Каталоны төлөө хамтдаа” намаас дэмжлэг авах шаардлагатай болжээ.


Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг одоо консерватив үзэлт Ардын намын гишүүд олонхын суудал эзэлж буй Сенат батлах ёстой. Тус нам засгийн эрхэнд үлдэхийн тулд салан тусгаарлагч үзэлтнүүдийн саналыг “худалдан авсан” гэж засгийн газрыг буруутгаж, баримт бичгийг батлах санал хураалтыг хойшлуулахаа амлажээ. Гэсэн хэдий ч Конгресс үнэмлэхүй олонхын саналаар Сенатын хоригийг хүчингүй болгох боломжтой байна.

Холбоотой мэдээ