Японы Төв банк 17 жилийн дараа бодлогын хүүгээ өсгөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-03-19 15:41:02

ТОКИО, 2024 оны гуравдугаар сарын 19 /Kyodo/. Японы Төв банк мөнгөний хэт зөөлөн бодлогоо эргэн харж, сөрөг түвшинд буюу -0.1 хувь байсан бодлогын хүүгээ 0-0.1 хувь болгож өөрчиллөө. Ингэснээр тус банк сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ өсгөж байна.


Мөн бага хүүтэй урт хугацааны зээл олгохоо зогсоох шийдвэр гаргажээ. Түүнчлэн ETF сангуудын хувьцааг худалдан авахаа зогсоож, шаардлагатай тохиолдолд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нэмэлт арга хэмжээ авахаас татгалзаж байна. 


Цалин хөлс тогтвортой нэмэгдэж, хүн амын орлого өссөн тул инфляцыг зорилтот түвшинд буюу 2 хувьд хадгалах боломжтой болсноор дээрх шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, автомашин үйлдвэрлэгч Toyota корпорац цалингийн дээд хэмжээг 1999 оноос хойших хугацаанд хамгийн их хэмжээгээр буюу сард 28 440 иенээр (192 орчим ам.доллар)  нэмэгдүүлэхээ мэдэгджээ. Түүнчлэн  Nissan компани 18 мянган иенээр (122 орчим ам.доллар), Nippon Steel 35 мянган иенээр (237 орчим ам.доллар), Mitsubishi Heavy Industries, Kawasaki Heavy Industries, Mitsubishi Electric, NEC компаниуд 13-18 мянган иенээр тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. 


Бодлогын хүүг өөрчлөх шийдвэр гарсны дараа ам.доллартой харьцах иений ханш бага зэрэг суларч, нэг ам.доллар 149.63-149.65 иентэй тэнцэж байна. 

Холбоотой мэдээ