ТӨВ: “Уран хас” бүжгэн жүжгийг Монгол туургатан театрт тоглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-21 20:13:59

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Монгол туургатан театрын тайзнаа энэ сарын 20-ны өдөр “Уран хас” бүжгэн жүжгийг толилуулав. Уг бүжгэн жүжигт нийт 200 орчим уран бүтээлч оролцжээ.


“Уран хас” бүжгэн жүжиг нь Монгол Улсын Төрийн шагналт, ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Ж.Чулууны эдүгээ 51 жилийн түүхээ тамгалж буй бүтээл юм.


Уг бүтээлийг Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэж, хөгжмийг Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр удирдаж, Монгол Улсын Консерваторын “Гранд” симфони найрал хөгжим эгшиглүүлэв.

 


Нутаг түмэндээ "Уран" хэмээн нэрлэгдсэн дэврүүн хүсэл мөрөөдөлтэй Хас хүү, түүний сэтгэлт бүсгүй Хандармаа нарын амьдрал, хайр сэтгэл, тэднийг тойрох олны аж байдлыг сонгодог хөгжмийн ая, аялгуутай хослуулан биеийн уран нарийн хөдөлгөөнөөр илэрхийлж байна.

 

Энэхүү бүжгэн жүжгийг толилуулахаар аймгийн ИТХ, ЗДТГ, Соёл урлагийн газар, “Монгол туургатан театр”, Монгол Улсын Консерваторын захиргаа, Уран сайхны зөвлөл хамтран ажилласан байна.

 


Үзэгчдээс сэтгэгдлийг сонсоход, “Төв аймагт жүжиг их ховор тоглогддог. Анх удаа үнэ төлбөргүйгээр, нутаг орондоо ийм сайхан жүжгийг үзсэндээ маш их баяртай байна. Тайзны хөшиг нээгдэхээс эхлээд хаагдах хүртэл үзэгчид суудлаасаа өндийж үзсэн бараг анхны үзвэр байх гэж бодож байна. Цаашид жүжиг, үзвэрүүд илүү их толилуулаасай гэж хүсэж байна”. 

Холбоотой мэдээ