ДАШТ-2026: Пёньянд болох хариу тоглолт цуцлагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО, 2024 оны
гуравдугаар сарын 22 /DW/. Умард
Солонгосын хөл бөмбөгийн шигшээ баг
пүрэв гарагт Японы багт
хожигдсоноос гадна Пеньянд болох хариу тоглолт цуцлагджээ.
2026 оны ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт Токио хотод болж, Японы шигшээ баг Умард Солонгосын хөлбөмбөгчдийг 1:0 харьцаагаар хожсон байна.
Пёньян юу
гэж мэдэгдсэн бэ?
Тоглолтын дараа Японы Хөл бөмбөгийн холбооны тэргүүн Козо Ташима Киодо агентлагт ярилцлага өгөхдөө "ирэх мягмар гарагт Пёньянд болох байсан тоглолтыг Умард Солонгос цуцаллаа" гэжээ. Умард Солонгосын тал "Японд аюултай халдварт өвчин гарсанд санаа зовниж байгаагаа" илэрхийлсэн нь стрептококкийн халдварын тохиолдол нэмэгдэж байгааг хэлсэн бололтой гэж Киодо агентлаг мэдээллээ.
Тоглолтын үеэр Умард Солонгосын албаныхан ирэх мягмар гаргийн тоглолтыг Японд зохион байгуулах боломжтой эсэхийг лавлахад К.Ташима "бэлтгэх цаг хугацаа бага байгаа тул эргэлзэж байна" гэж хариулжээ. Иймд тоглолтын хуваарийг өөрчлөх эсвэл зохион байгуулах газрыг өөрчлөхөд хүрч байгаа бөгөөд мөн энэ хоёр шийдвэрийн аль алиныг гаргаж магадгүй байна.
Пүрэв гаргийн тоглолтын цорын ганц гоолыг Японы хагас хамгаалагч Ао Танака оруулжээ. Токиогийн цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр улаан цамц өмссөн цөөн тооны хөгжөөн дэмжигч умард солонгосчуудыг дэмжиж байлаа. Тус улсын багийн дасгалжуулагч Син Ён Нам хэлэхдээ "бид хөгжөөн дэмжигчдээ баярлуулахыг хүсэж байсан боловч чадаагүйдээ харамсаж байна, гэхдээ сайн тоглолт боллоо" гэв.
Умард
Солонгосын тал “Ковид-19” цар тахал дэгдсэнээс
хойш олон улсын хөл бөмбөгийн
тэмцээнийг өөрийн талбайд зохион байгуулаагүй юм.
Тус улс цар тахлаас болгоомжлон 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны сонгон шалгаруулах тэмцээнд оролцоогүй ажээ. Гэхдээ Умард Солонгосын хувьд ердийн үед ч гэсэн өөрийн талбайд болох ёстой зарим тоглолтыг бусад оронд
хийх нь ховор тохиолдол биш юм.