Малайз улс Хамтын нөхөрлөлийн тоглолтыг зохион байгуулахаас татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-03-22 16:27:00

ТОКИО, 2024 оны гуравдугаар сарын 22 /ТАСС/. Хамтын нөхөрлөлийн тоглолтыг 2026 онд улс орондоо зохион байгуулахаас татгалзаж байгаагаа Малайзын эрх баригчид мэдэгджээ. Энэ тухай тус улсын Залуучууд, спортын яамны Х нийгмийн сүлжээн дэх хуудсанд бичсэн байна.


Ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг дурдаагүй боловч “асуудал ба түүний үр дагавруудыг тал бүрээс нь нарийвчлан хэлэлцсэний үндсэн дээр уг шийдвэрийг баталсан” гэдгийг тус яам мэдэгджээ.  


Харин The Star сонинд бичсэнийг үзвэл, Хамтын нөхөрлөлийн тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс Малайзын эрх баригчдад 127 сая долларын санхүүгийн тусламж олгохоо амласан байна. Гэвч тус улсын засгийн газар уг мөнгийг Хамтын нөхөрлөлийн тоглолттой холбоотой зардалд хүрэлцэхгүй гэж үзээд түүнийг зохион байгуулахаас татгалзжээ.


Үүнээс хэдэн сарын өмнө Австралийн Виктория муж улсын эрх баригчид санхүүжилтийн асуудлаас үүдэн Хамтын нөхөрлөлийн тоглолтыг зохион байгуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн билээ.  

 

Хамтын нөхөрлөлийн орнуудын тоглолт бол 4 жилд нэг удаа болдог спортын иж бүрэн уралдаан тэмцээн бөгөөд түүнд Их Британийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан 70 улс ба нутаг дэвсгэрийн тамирчид оролцдог. Уг тоглолт Дэлхийн II дайны улмаас 1942 ба 1946 онуудад хоёр удаа тасалдаж байжээ.


Ташрамд дурдахад, 1998 оны тоглолтыг Малайзын нийслэл Куала-Лумпур хотод зохион байгуулж байв. Харин 2022 оны тоглолт Английн Бирмингем хотод болсон юм.  

 

 

 

 

Холбоотой мэдээ