Курт Кэмпбэлл: Монгол Улс нь АНУ-ын хамгийн ойр, нягт түнш
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др.Курт М.Кэмпбэлл энэ сарын 21-22-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл нар өнөөдөр ГХЯ-нд хэлэлцээ хийж, улмаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр энэ үеэр хэлэхдээ "АНУ нь Монгол Улсын чухал "гуравдагч хөрш," стратегийн түнш бөгөөд зуданд өртсөн малчдад туслах зорилгоор тус улсын Засгийн газар, ард түмэн Монгол Улсын Засгийн газарт 900 мянган ам.доллар хандивласанд талархал илэрхийлсэн. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэллтэй хоёр улсын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой саналууд солилцсон. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тус улсад өнгөрсөн оны наймдугаар сард хийсэн айлчлалын үеэр тохиролцсон нээлттэй агаарын хэлэлцээрийг хэрэгжүүлж, ойрын хугацаанд шууд нислэг үйлдэх тал дээр онцгой анхаарч ажиллахаар ярилцлаа. Үүний зэрэгцээ өмнө нь байгуулсан баримт бичгийн хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өндөр түвшинд хүргэх боломжтойг онцолж, цаашид дээд өндөр түвшний айлчлал, арга хэмжээний давтамжийг улам нэмэгдүүлэхээр санал тохиролцсон" гэлээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл өмнө нь Монголд олон удаа ирж байсан. Төрийн нарийн бичгийн орлогчийн хувиар анх удаа ирж байна гээд, халуун дотноор хүлээж авсанд туйлын баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн айлчлалын зорилго нь гуравдагч хөршийн түншлэлийг улам бататгах явдал бөгөөд эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн аюулгүй байдал, иргэд хоорондын харилцаа зэрэг олон асуудлаар санал солилцсон гэв. Түүнчлэн тэрбээр Монгол Улсын дэлхийн тавцанд гүйцэтгэж буй үүрэг рольд АНУ үргэлж талархалтай ханддаг. Монгол Улс нь АНУ-ын хамгийн ойр, нягт түнш гэдгийг хэлэхэд таатай байна хэмээв.