Хуурай замын боомтын сэргэлтийг агаарын замын боомтод хэрэгжүүлж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-26 14:27:44

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрээд байна. Энэ өсөлтийг 10 жилийн хугацаанд хадгалж, цааш нь улам нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын сэргэлт Үндэсний форум-2024”-ын нээлт дээр өнөөдөр тэмдэглэн хэллээ. 


Өсөлтийг хадгалан барихад Монгол Улс бүс нутгийн худалдааны эргэлтэд идэвхтэй оролцох шаардлагатай. Энэ хүрээнд хийж, хэрэгжүүлэх хамгийн чухал нөлөөтэй үйл ажиллагаа нь боомтуудаа сэргээж, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэн сайжруулах хэрэгтэй байгааг форумоор хэлэлцлээ.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ форумыг нээж хэлэхдээ, манай улс цар тахал, олон улсын хямралт байдал, хатуу хөл хорио, хязгаарлалттай тулгарч байсан үеийг бодвол цар тахлыг даван туулсан. Үүний гарц нь боомтын сэргэлт байсныг дурдаад, үүний үр дүнд экспорт болон гадаад валютын албан нөөц нэмэгдэж аялал жуулчлал сэргэсэн зэргээр олон эерэг үзүүлэлт гарсан. Энэ бүхэнд тусалсан БНХАУ-ын Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлсэн юм.


Тэрбээр, далайд гарцгүй орны хувьд одоо хуурай замын боомтын сэргэлтийг агаарын замын боомтод хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдэж, өнгөрсөн хугацаанд нэг тэрбум ам.долларын орлого олсон аялал жуулчлалын салбарыг улам өргөжүүлэхэд агаарын тээвэр чухал үүрэгтэйг онцолж, энэ чиглэлээр нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар БНХАУ, БНСУ, дундад Азийн орнуудтай ярилцаж буйг дуулгалаа.


Манай улсад өнөөдөр 39 боомт эрх зүйн хүрээнд байгаагаас 24 нь үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 8 боомт дээр бүтээн байгууллалтын ажил хийж, гурван боомтын цогцолборыг дуусгаж ашиглалтад ороод буйг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтиййн Үндэсний хорооны дарга Б.Тулга хэллээ.


Тэрбээр, боомтуудын бүтээн байгуулалт дуусаж, ашиглалтад орсноор манай улсын гадаад худалдааны хэмжээ цар тахлын үеэс эрс өсөж, зарим нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт хоёр дахин нэмэгдсэн үр дүн гарсныг онцоллоо.

Засгийн газар 2020-2024 онд гадаад худалдаа, экспортын хэмжээг 14 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байсан бол боомтын сэргэлтийн эхний үе шат дуусахад буюу дурдсан бүтээн байгуулалт, зохицуулалтыг хийсний үр дүнд 15.2 тэрбум ам.долларын экспортыг хийж чадсаныг хэллээ. 


Холбоотой мэдээ