ХОВД: Жилд 2-3 удаа хүүхдийн хоолны үзэсгэлэн гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-27 16:57:26

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/  Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгт 300 гаруй хүүхэд суралцаж байна.

Хүүхдийн хөгжил, эрүүл мэндийг чухалчилдаг тус хамт олон жилд 2-3 удаа хүүхдийн хоолны үзэсгэлэн гаргаж, хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой дадлыг эцэг, эх, иргэд олон нийтэд таниулж хэвшжээ. 

Энэ удаагийн хоолны үзэсгэлэн "Таван цулын бүтээгдэхүүнээр бага насны хүүхдийн дархлааг дэмжих нь" сэдвийн хүрээнд өрнөснөөрөө онцлог юм.  

Тус цэцэрлэгийн тогооч нар малын дотор эрхтэн буюу элэг, уушги, зүрх, гүзээ гэх мэт бүтээгдэхүүнийг ашиглан бууз, кимбаб, царцаамаг зэрэг 7-8 төрлийн хоол, эко шүүс хийжээ.

"Монголчуудын уламжлалт хоол хүнсний бүтээгдэхүүн болох элэг, уушги, зүрх, гүзээ зэрэг нь олон төрлийн амин дэм, уураг агуулдаг, хүний эрүүл мэндэд ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд уг бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх нь багассан. Иймээс хэрэглээг өргөжүүлэх, шинэ технологийн жороор хүүхдэд хэрэгцээтэй ямар эко хоол хийж болох талаар эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөмж мэдээлэл өгөх, санал авах зорилгоор өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгууллаа" гэж 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Болормаа хэллээ.   

Холбоотой мэдээ