Өндөржүүлсэн бэлэн байдлыг 7 хоног үргэлжлүүлэхээр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДМалын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Ховд аймгийн Онцгой комисс 09-р сарын 30-нд хуралдаж, Улсын онцгой комисстой зөвшилцсөний эцэст хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлыг дахин 7 хоног үргэлжлүүлэхээр боллоо.
Ховд аймгийн 11 сумын 45 багийн 930 орчим өрхийн 65 голомтод Олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын гоц халдварт мялзан өвчин оношлогдсоноос хойш 18 хоног өнгөрч байна.
Энэ оны 09-р сарын 30-ны байдлаар уг өвчнөөр 73423 толгой мал өвчилж, 11840 мал хорогдож, 40 толгой малыг устгажээ.
Харин 57977 толгой мал эдгэрч 3566 толгой мал өвчтэй байгаа мэдээлэл байна. Мялзан өвчний тархалт өвчлөл буурч байгаа боловч Мөст, Жаргалант, Буянт сумдад голомтын бүсдээ өвчлөл нэмэгдсээр байгаа юм. Вакцинжуулалтыг ойрын хугацаанд эхлүүлэх юм байна. Харин вакцинжуулалт эхлэхээс өмнө албан байгууллага, айл өрх бүр мах нөөцлөхөд анхаарах хэрэгтэйг мэргэжлийнхэн зөвлөж байна.
А.Бямбасүрэн