ЗАВХАН: Оньсон тоглоомыг таниулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-01 14:38:55

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музей 100 жилийнхээ ойг угтаж хүүхэд багачуудад оньсон тоглоом, монгол наадгайн талаарх сургалт мэдээллийг хүргэж байна.  


Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ой,  Завхан аймгийн Музей байгуудагдсаны түүхт 100 жилийн ойн арга хэмжээг гуравдугаар сард Улиастайд нээж музейн түүхээ сурталчилж эхэлжээ.


Аймгийн музейн түүх, музейн үзмэрүүдийн талаарх мэдээллийг цахимаар болон танхимаар олон нийтэд хүргэж байна. Өнөөдрийн байдлаар танхимаар 670 гаруй хүн үйлчлүүлээд байна.

Түүнчлэн үндэсний тоглоом, наадгайн түүх, ёс заншил, тоглох аргачлалыг сурталчлах боловсролын хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Энэ хөтөлбөрт гуравдугаар сард Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 219 суралцагч хамрагдлаа.


Үндэсний тоглоом, наадгайн түүх, ёс заншил, тоглох аргачлалыг сурталчлах үйл ажиллагааг мөн хүсэлт тавьсан хүүхдийн байгууллагууд, хүүхдийн дугуйлангуудад очиж хийж байна. Үүний нэг нь "Русский дом”-ийн суралцагч хүүхдүүд юм. Боловсролын хөтөлбөрт оролцсон орос хэлний дугуйлангийн 20 гаруй суралцагч үндэсний тоглоом, наадгайн түүх, ёс заншил, тоглох аргачлалыг суралцангаа бусад хүүхдүүдэдээ орос хэлээр сурсан мэдсэнээ тайлбарлаж таниулсан гэж Завхан аймгийн музейгээс мэдээлэв.


Ташрамд үндэсний тоглоом, наадгайн түүх, ёс заншил, тоглох аргачлалыг сурталчлах боловсролын хөтөлбөрийг аймгийн хэмжээнд үргэлжлүүлэн явуулах юм. 


Холбоотой мэдээ