Газын зурваст хүмүүнлэгийн ажилтнууд амиа алдсанд эгдүүцэж байгаагаа илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-04-03 09:37:32

ЖЕНЕВ, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /TASS/. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Газын зурваст "World Central Kitchen" хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд амиа алдсан явдалд эгдүүцэн дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр X (хуучнаар Twitter) хуудсандаа тусламжийг хүргэх гол нөхцөл бол аюулгүй байдал гэдгийг цохон тэмдэглэсэн байна.


"Гал зогсоох тохиролцоонд хүрэх хүртэл дахиад хэдэн хүний амь эрсдэх бол? Газын зурваст тусламжийн ажилтнуудыг хөнөөсөн явдалд бид эгдүүцэж байна" гэж Гебрейесус бичжээ. "Аюулгүй байдал бол амин чухал тусламжийг хүргэхэд тавигдах гол шаардлага" гэдгийг тэрбээр сануулаад “World Central Kitchen” байгууллагын хамт олонд болон амиа алдсан ажилтнуудын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийллээ. 


“Газын зурваст хүмүүнлэгийн ажилтнуудыг байнга хамгаалж байхыг бид дахин уриалж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгдэв.


Газын зурвасын төв хэсэг дэх Дейр Эль-Балах хотоос өмнө зүг рүү явж байсан автомашин руу нь гал нээсний улмаас ажилтнууд нь амиа алдсан тухай мэдээллийг “World Central Kitchen” байгууллага мягмар гарагт хүлээн авсан байна. Амиа алдсан хүмүүсийн дунд Австрали, Их Британи, Ирланд, Польш зэрэг гадаадын хэд хэдэн иргэн байжээ.







Холбоотой мэдээ