Монгол, Хятадын банк хооронд төлбөрийн системийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-03 14:16:37

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. БНХАУ-д болсон Боаогийн “Азийн чуулга уулзалт-2024”-д оролцсон Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гоншэнтэй уулзаж, хоёр орны санхүүгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.


Уулзалтын эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хоёр талын валют солилцох хэлэлцээрийн хугацааг сунгахад дэмжлэг үзүүлсэнд ноён Пан Гоншэнд талархал илэрхийлэв.

Энэ үеэр талуудын хоёр жил тутамд зохион байгуулдаг дугуй ширээний уулзалтаар ярьсан ажил хэрэгч санаачилгууд амжилттай хэрэгжиж буйг тэмдэглээд цаашид төлбөрийн системийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Боаогийн эдийн засгийн чуулганы үеэр “Азийн санхүүгийн зах зээлийн хөгжил ба санхүүгийн даяаршлын асуудал” дугуй ширээний уулзалтад оролцсон юм. Энд Боаогийн Азийн чуулга уулзалтын дэд дарга Жөү Шиаочуан, Лаос, Тайланд улсын Төвбанкны удирдлага, мөн ОУВС, АХБ, Олон улсын төлбөр тооцооны банк болон бусад санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож, Азийн бүс нутгийн санхүүгийн зах зээлийн хөгжил, санхүүгийн нээлттэй байдлаа улам өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд баримталж буй бодлогын талаар ярилцаж, өөрсдийн саналыг илэрхийлсэн байна.

Монголбанкны ерөнхийлөгч энэ үеэр бүс нутгийн санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал байгаа онцолж, худалдааг хөнгөвчлөхийн тулд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг өргөжүүлэх талаар уриалсан юм.


Тэрбээр Азийн жижиг орнуудыг багтаасан санхүүгийн тогтолцоог бий болгох нь зах зээлийн хөрвөх чадварыг дэмжих, бүс нутгийн худалдааг хөнгөвчлөх замаар эдийн засагт ашигт тусаа өгнө гэж үзэж буй өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Мөн чуулга уулзалтын “Азийн орнуудын санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь” панел хэлэлцүүлэгт Сингапур, Хонгконг, Индонейз, Лаос улсын Төв Банкны болон санхүүгийн зохицуулагч байгууллагуудын удирдлагатай хамт оролцон, Азийн бүс нутагт хамтын ажиллагааг ахиулах талаар баййр сууриа илэрхийллээ.


“Азийн Давос” гэгддэг Боаогийн чуулга уулзалт энэ оны гуравдугаар сарын 26-29-нд “Ази ба Дэлхий: Нийтлэг сорилт, нийтлэг хариуцлага” уриан дор болж, 60 гаруй улс орны 2000 орчим төлөөлөгч оролцлоо.

 

 

Холбоотой мэдээ