ЗАВХАН: Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хоолны чанарыг сайжруулахад анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-04 17:23:23

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 27 дотуур байрны хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийн байдалд үнэлгээ хийжээ.


Дотуур байрны хүүхдийн хоолны дундаж илчлэгийн хэмжээ 1283 ккал, уураг 55 гр, өөх тос 32 гр, нүүрс ус 191 грамм байгаа нь хангалтгүй байна.


Үдийн хоол болон дотуур байрны хүүхдүүдэд өдөр бүр жимс, жимсгэнэ, сүү цагаан идээ хэрэглэдэггүй дүгнэлт гарсан. Үнэлгээний дүнд үндэслэн холбогдох байгууллагуудад зөвлөмж, шаардлага хүргүүлсэн.


Сургуулийн хүүхэд, дотуур байрны хүүхдүүдийн үдийн хоолны чанар хүртээмжийг сайжруулахаар олон талт сургалт, хэлэлцүүлгийг тогтмол хийж байна. Тухайлбал Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран эрүүл мэнд, боловсролын салбарын 126 нярав, тогооч нарт өнгөрсөн жил гурван удаа сургалт хийжээ.


Энэ үеэр хүнсний аюулгүй байдал, хоол яагаад чухал вэ, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэх, хориглох хүнсний бүтээгдэхүүн, эрүүл ахуйн зохистой дадлууд, хувь хүний ариун цэвэр, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний агуулахын стандарт сэдвүүдээр цахим болон танхим хосолсон сургалт, мэдээлэл өгч ур чадварыг нь сайжруулсан. Энэ жил үдийн хоолны чанар хүртээмж сайжирсан байна.  


Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг хүүхдийн хоолны зардлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх тогтоолыг баталсан.

Өмнө нь Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байгаа суралцагч 3000 төгрөгийн зардлаар өдрийн гурван удаа цай, хоол иддэг байсан. Үүнийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд 1300 төгрөгөөр нэмэгдүүлэн 4300 төгрөг болгосон гэж Завхан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс мэдээлэв. 

2023-2024 оны хичээлийн жилд Завхан аймагт ерөнхий боловсролын болон техник мэргэжлийн сургуулийн 30 дотуур байранд 1640 хүүхэд амьдарч байгаагийн 88.1 хувийг нь малчдын хүүхэд эзэлж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 90 гаруй хувь нь цэвэр устай болжээ


Дотуур байрны хувьд 75 хувь нь дотор, 30 орчим хувь нь гадна бие засах газартай, тэдгээрийн суудлын хүрэлцээ, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл харилцан адилгүй байсан. Мөн чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх өрөө танхим нь 60 орчим хувь нь хангалттай гэсэн мэдээ байна. Хүүхдүүд сүүлийн гурван жил биеийн тамирын зааланд чөлөөтэй тоглох боломжтой болоод байгаа юм.


Харин дотуур байрны хүүхдүүд сургуулийн индүү, угаалгын машин хэрэглэхээс гадна өөрсдийн индүү, хувцас угаах түмпэнг ашиглах хандлага нийтлэг байна. Зарим дотуур байр хүүхдийн тоглоомын болон амралтын өрөөгүй, амралтын өрөө гаргасан ч зурагтаас өөр тохижилтгүй, номын сан, уншлагын танхимгүй байсан юм.


Сургууль, эцэг эхчүүд, төрийн бус байгууллагуудын санаачилга дэмжлэгээр сумуудын дотуур байрны 60 орчим хувь нь жижиг номын сантай болсон байна.


Мөн аймгийн нийт дотуур байр, сургуулиуд нь Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан төсөл, бусад төсөл хөтөлбөрийн дэмжлэгээр ус ариун цэврийн байгууламжийн хүрэлцээгээ сайжруулж байна. Ялангуяа дотуур байрны хүүхдүүдийн ариун цэврийн асуудал бүрэн шийдэгдэж байгаа нь талархууштай.

Завхан аймгийн хэмжээнд 30 сургуулийн дотуур байранд нийт 1640 сурагч амьдарч байгаагийн 49.6 хувь нь эмэгтэй, 84.9 хувь нь малчдын хүүхэд байна.

Хүртээмжтэй ус, ариун цэврийн байгууламжийн ашиг тус маш их юм. Судалгаанаас харахад цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд суралцдаг хүүхдүүд сургуулиас завсардсан хүүхдүүдээс илүү эрүүл чийрэг байдаг.

Жендэрийн үүднээс авч үзвэл охидын ариун цэврийн өрөөг хөвгүүдийнхээс тусдаа байлгах нь охидод шаардлагатай хувийн орон зайг бүрдүүлж, улмаар сургуульдаа үргэлжлүүлэн суралцахад нь чухал нөлөө үзүүлдэг гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ