Мухаммед Алигийн шоортыг дуудлагаар худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-04-05 16:35:18

НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /DW/. Америкийн домогт боксчин Мухаммед Алигийн алдарт “Thrilla in Manila тоглолтынхоо үеэр өмсөж байсан шоортыг Нью-Йорк хотын Sotheby's ордны дуудлага худалдаанд тавьжээ. 


Уг боксын өмсгөл 6 сая гаруй ам.долларын үнэ хүрэх  төлөвтэй байна.


Sotheby's ордон спортын олон эд зүйлсийг дуудлага худалдаагаар худалдах гэж байгаагийн дотор домогт боксчны шоорт багтжээ.


Богино өмдийг худалдан авах үнийн саналыг гуравдугаар сарын 27-ноос цахимаар авч эхэлсэн бөгөөд дуудлага худалдаа дөрөвдүгээр сарын 12-нд хаагдана.


Хар судалтай цагаан шоорт нь Мухаммед Алигийн туслах дасгалжуулагч Дрю Бундини Брауны бичсэн үгс ба Алигийн гарын үсэгтэй ажээ.


Thrilla in Manila”-гийн богино өмд яагаад алдартай вэ?


Мухаммед Али 1975 оны 10 дугаар сард Филиппиний нийслэл Манила хотноо Жо Фрейзертэй хийсэн тулааны үеэр уг шоортыг өмсөж байжээ. Энэ тулаан Али, Фрейзер хоёрын гурав дахь буюу сүүлчийн тулаан байсан бөгөөд Али боксын түүхэн дэх хамгийн агуу тулаанд түүхэн ялалт байгуулсан юм. Тулаан нийт 14 үеийн турш үргэлжилж, Фрейзерийн дасгалжуулагч алчуур шидсэнээр дуусаж байжээ.


“Энэ тулаан үхэл шиг л байсан. Миний мэдэхээр үхэхэд хамгийн ойр байсан мөч бол энэ гэж Али телевизийн гэрэлтүүлгийн улмаас маш халуунд болсон тулааны талаар дурсан ярьж байсан юм. Али бол тамирчин төдийгүй африк гаралтай америкчуудын эрхийн төлөө тэмцэгч билээ. Тэрбээр 2016 онд таалал төгсжээ.

 




Холбоотой мэдээ