ЗАВХАН: Сонсдог болон цахим номын үйлчилгээг нэвтрүүлснээр уншигчдын тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-05 17:04:31

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Төв номын сангийн хүүхдийн уншлагын танхимын сонсдог номын үйлчилгээг 50 гаруй хүүхэд авчээ.


Тус номын сан орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн тавилга, тоног төхөөрөмжөөр 2020 онд танхимаа шинэчилсэн байна. 


Хүүхдийн уншлагын танхимд хүүхэд өөрөө номоо сонгоод унших боломжтой нурууны түвшинд тохирсон номын тавиур, сандал ширээ, сонсдог ном болон цахим номын үйлчилгээг нэвтрүүлснээр уншигчдын тоо 60 орчим хувиар нэмэгдсэн.


Аймгийн Төв номын сан жилдээ уншлагын танхимаар 5700 гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг. Гэвч хөгжлийн онцлогтой хүүхдүүд үйлчилгээ авахад багагүй хүндрэлтэй байдаг байсан. Харин шинэ тоног төхөөрөмжтэй болсноор хүүхдийн танхим үйл ажиллагаагаа өргөтгөн хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд танин мэдэхүйн тусгай хөтөлбөрөөр сургалт, үйлчилгээг үзүүлж эхэлсэн нь уншигч, үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлжээ.


Хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд үлгэр сонсох цаг, зургаар өөрийгөө илэрхийлэх, уншсан номын тэмдэглэл хөтлөхийг хэрхэн хийх талаар манай номын санчид зааж өгдөг. Мөн танин мэдэхүйн номын танилцуулгыг хийж хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй хамтран ажилладаг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хамт манай үйлчилгээг долоо хоногт нэг удаа авч байна. Өнөөдрийн байдлаар хараагүй болон сул хараатай хүмүүст зориулан тэмтрэх үсгээр бичигдсэн брайль ном, сонсдог номуудын үйлчилгээг долоо хоногт 10 гаруй хүнд үзүүлж байна гэж аймгийн Төв номын сангаас мэдээлэв.

Холбоотой мэдээ