БАЯНХОНГОР: Эко халаалтыг гэр болон хүлэмжид ашиглах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-09 10:34:28

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Нүүрстөрөгчийн нунтгаар алсын хэт улаан туяа үүсгэж хавтгайг халаадаг хальсан эко халаалтыг Баянхонгор сумын ЗДТГ, "Монисервис" ХХК аймгийн төвийн гэр хороооллын иргэдэд танилцууллаа.


Баянхонгор аймгийн төвийн агаарын бохирдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Нөхцөл байдалтай холбогдуулж агаар, орчны бохирдлыг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй олон ажил бий. Орон нутгийн энэхүү бодлого шийдвэртэй уялдуулан БНСУ-ын сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологийг ийнхүү танилцуулсан юм.


Нүүрстөрөгчийн нунтгаар алсын хэт улаан туяа үүсгэж хавтгайг халаадаг шалны халаалтыг гэр сууцандаа тавьж туршсан Төв, Дархан-Уул аймгийн иргэд хангалттай дулаан ялгаруулдаг болохыг баталж, тухайн аймгуудад хэрэглэгчийн тоо нэмэгдэж байгааг компанийнхан хэлэв. Халаалтыг тасралтгүй хэрэглэсэн өрхийн цахилгаан эрчим хүчний төлбөр сардаа 50-60 мянган төгрөг гардаг бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй энэхүү халаалтыг монгол гэр болон хүлэмжид байрлуулж хэрэглэх боломжтой юм.


Тус компаниас бүтээгдэхүүндээ 30 жилийн баталгаа өгч байгаа бөгөөд хавар, зундаа эвхэж хураагаад дахин ашиглах, мөн байшингийн халаалтыг нэмж, хасаж, хуучнаа дахин ашиглах боломжтойг онцолж байв. Монгол гэрийн шалны эко халаалт нь алсын хэт улаан туяа үүсгэж халдаг учир хүний эрүүл мэндэд хоргүй, тоосжилт, хуурайшилт үүсгэхгүй, чийг, мөөгөнцөр, бактери устгахаас гадна агаарын бохирдлыг багасгах нэг алхам болохыг онцолсон юм.


Ташрамд, Баянхонгор аймаг агаарын бохирдлыг багасгах ажлын хүрээнд гэр хорооллыг төвлөрсөн дулаанд холбох төв магистрал шугам тавих, дулаан алдагдалгүй чип багцыг тодорхой хөнгөлөлтөөр олгох зэрэг ажлаас гадна Дулааны цахилгаан станцыг барьж байгуулж байна.





Холбоотой мэдээ