“Их хаадын цуваа” ХХК-тай байгуулсан гэрээг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-04 17:34:30
oyuka_hu@yahoo.com

БНЧУ-ын “Finep” компанийн төлөөлөгчид Орхон аймгийн удирдлагуудтай уулзлаа.

Тус компанийн ТУЗ-ийн дарга Паул Рейхэрд хэлэхдээ, “Евро эко төгөл”-ийн инженерийн шугам сүлжээний ажлыг “Их хаадын цуваа” ХХК концессын гэрээгээр гүйцэтгэхээр болсон. Гэтэл 2014 онд уг ажлын төсвийн 90 хувийг танаснаас гадна Улсын төсвөөс концессын гэрээний дагуу төлөх төлбөр удаашралтай байгаа юм. Төлөвлөлтийн дагуу тухайн хороололд цэцэрлэг барих ажлыг тус компани гүйцэтгэх ёстой. Одоогоор уг цэцэрлэгийн барилгын техникийн нөхцөлийг аваагүй байна. Эдгээр нь ажил гүйцэтгэхэд саад болж байна. Иймд уг асуудалд анхаарлаа хандуулна уу” гэлээ. Үүний хариуд Засаг дарга Д.Батлут “Та бүхэн энэ төслийг эхлүүлээд дөрвөн жил болсон байна. Үүнийгээ цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй. Үүнийг аль аль талдаа харилцан ашигтай хэлбэрээр Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж дуусгахад хамтарч ажиллахад бид бэлэн байна” гэсэн юм. Үүний дараа хамтран ажиллах гэрээг шинэчлэх хэрэгтэй гэж  хоёр тал үзлээ.

“Евро эко төгөл” хороолол төслийн хоёр дахь үе шат нь гэр хорооллын дахин төлөвлөлт юм. Орхон аймгийн оршин суугчдын хувьд өөрийн хашааны газраа дахин төлөвлөлтөд хамруулах сонирхолгүй байгаа нь төслийн хоёр дахь үе шат хэрэгжихэд бэрхшээл үүсгэж болзошгүй гэж тус компанийнхан үзэж байгаа аж.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ