ДАРХАН-УУЛ: 480 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажлыг 6 дугаар сард эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-23 09:41:41

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орхон суманд 480 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажлыг 6 дугаар сард эхлүүлнэ.


Тус сумын ЕБС-ийн барилга 1992 онд ашиглалтад орж, өнөөдрийг хүртэлх хугацаанд их засварт ороогүй, урсгал засвар хийж ирсэн гэж сургуулийн захирал Г.Ихбаяр мэдэгдлээ.




Сургуулийн барилга өвөлдөө хүйтэн, хана болон дээврээс дулаан алдагдал ихтэй тул хүйтний улиралд хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй гэдгийг багш нар онцолж байна.




Тиймээс сургуулийн шинэ барилга барих асуудлыг багш, ажилтан, сумын удирдлагууд аймгийн ИТХ-ын дарга болон засаг дарга, УИХ-ын гишүүдэд уламжилж 2023 онд улсын төсөвт суулгасан нь эрүүл, ая тухтай, орчин суралцах боломжийн эхлэлийг тавьсан гэж сургуулийн захирал тодотголоо.




Барилга угсралтын ажил гурван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 2026 оны намар ашиглалтад орж, хүүхдээ хүлээн авах аж.


Гадна талдаа металл фасадтай, тусдаа уурын зуух, урлаг, спортын стандартад нийцсэн заал, багш, ажилтнуудад зориулсан халуун устай байхаар зурагт тусгагджээ.


Ташрамд, Орхон сумын ЕБС 30 багш, 22 ажилтантай, 12 бүлэгт 400 гаруй хүүхэд суралцаж байна. Багшлах боловсон хүчний 50 гаруй хувь нь арваас доош жил ажиллаж буй залуу багш нар ажээ.

Холбоотой мэдээ