Б.Ядамсүрэн: “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 18:28:33

Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг Увс аймагт энэ сарын 10-нд тэмдэглэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Увс аймгийн ЗДТГ-ын зүгээс аймгийнхаа хүүхэд залуучуудад хандсан ямар бодлого шийдвэр гаргаж, ажил хэрэг болгож байгаа талаар Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Ядамсүрэнгээс тодрууллаа. 

-Увс аймгийн ЗДТГ-аас сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучуудад хандсан ямар ажлуудыг хийгээд байна вэ?

-Юуны өмнө хүүхдийн байгууллагын 90 жилийн ой болох гэж байгааг тохиолдуулаад аймгийнхаа хүүхдийн байгууллагын үе үеийн ажилтнууд, хүүхдийн байгууллагын төлөө зүрх сэтгэлээ зориулж, хүч хөдөлмөр, мөнгө санхүүгээр туслаж ирсэн хүүхдийн төлөө сэтгэлтэй бүх байгууллага, хувь хүмүүст түүхт ойн мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Засгийн газрын “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажын хүрээнд Увс аймгийн зүгээс хүүхэд бүрийг эрүүл чийрэг,  эрдэм  боловсролтой, ажилч хичээнгүй, хүмүүнлэг хүүхэд болгож төлөвшүүлэхийн тулд олон арван ажлыг хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүүхэд бүрийг амны хөндийн үзлэг оношлогоонд хамруулж, эрүүлжүүлэх ажлыг үе шаттай авч хэрэгжүүлж байна. Энэ ажилд аймаг, сумын орон  нутгийн  сангаас нийтдээ 64 сая төгрөг зарцуулсан.

 Мөн хүүхэд залуучуудын паркыг ашиглалтанд орууллаа. Ингэснээр хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдлээ. Ахлах 3-р сургууль болон Цогцолбор 1-р сургуулийн дэргэд хүүхдийн тоглоомын талбай, хөл бөмбөгийн талбай байгууллаа. Хөл бөмбөгийн талбайг 200 сая, тоглоомын талбайг 100 сая төгрөгөөр байгуулсан. Үүнээс гадна сум бүрт тоглоомын талбай, чөлөөт амралтын талбайг бий болгосон. Ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийг хөгжих боломжийг бүрдүүлэхийн тулд спортын, урлагийн заал танхим нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласан. Тэрчлэн найман төрлийн сонгодог хөгжмийг 26 сургуульд 90 сая төгрөгөөр авч нийлүүллээ. Энд нийтдээ 220-иод сонгодог хөгжим нийлүүлэгдсэн. Үндэсний хэмжээний хөгжмийг 200 сая төгрөгөөр нийлүүлсэн. Хүүхэд залуучуудыг үндэстэн ястныхаа өв уламжлалыг хамгаалах, түүнээс гадна дэлхийн сонгодог бүтээл туурвилыг сурч хөгжих нөхцөл бололцоог бүрдүүллээ. Шинэ төрсөн хүүхэд мэндэлсэн даруйд аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-аас хүндэтгэл үзүүлж тэдэнд гарын бэлэг өгч, эх эцэгт нь шинэ иргэн мэндлэх үеийн торгон агшинг харуулсан зурагтай альбом дурсгаж, шинэ иргэнээ угтаж авдаг заншлыг тогтоож Нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд ийм жишиг тогтоож хэвшүүллээ. Энэ ажилд бид жил бүр 20 гаруй сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангаас зарцуулж байна. Орон гэргүй хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд гэр олгох замаар тэдний амьдралд дэм тус болсон. Энэ ажлын хүрээнд 70-аад гэр олгосон. Мөн 370-аад өрхийн 1165 хүүхдэд хүнсний эрхийн талон олгосон. Нэг хүүхдэд 5000 төгрөгөөр тооцож эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлж байна. 159 дугуйлан, секцэд нийтдээ 8000 гаруй хүүхэд хамрагдаж байна. Эдгээр секц, дугуйлангийн урьдынхаас ялгаатай зүйл нь удирдаж ажиллаж байгаа хүмүүс нь ардын авъяастнууд байдгаас гадна хүүхдүүд бие биедээ заадаг ийм хандлага нэвтрүүлсэн.

-Хүүхдийн авьяас билгийг нээж илрүүлэхэд “Авьяас” уралдаан ихээхэн нөлөөлж байх шиг?

-Аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас” уралдааныг жил бүр аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 10 сая төгрөгөөр санхүүжүүлж зохион байгуулдаг. Зөвхөн сүүлийн жилд гэхэд 3000 гаруй хүүхэд энэ арга хэмжээнд оролцсон байна. Сүүлийн жилүүдэд хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх гэдэг утгаараа наадмын төрөл болон оролцох хүүхдийн тоог нэмэгдүүлж байна. Хүүхэд бүр хийсэн зүйлээрээ ном бүтээдэг тийм аяныг эхлүүлсэн. Хүүхдүүдийн хийсэн номыг сургууль, сум бүрээс шигшиж шалгаруулан 1000 хүүхдийн номыг хэвлүүлж бүтээл болголоо. Бүтэн өнчин хүүхдүүдэд “Хөх толбот” хадгаламж нээж олгож байгаа. Энэ арга хэмжээнд жилд 12 орчим сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж байна. Энэ арга хэмжээнд хамгийн сүүлд гэхэд 127 хүүхэд хамрагдсан. Үүнээс гадна гэр бүлийн түвшинд зан үйл харилцааны түвшинд эрх нь зөрчигдөж байгаа 725 хүүхдийг зорилтот бүлэг гэж сонгож эцэг, эх асран хамгаалагч нарт нь лекц унших, сургалтанд хамруулах замаар ажилласан. ОХУ-ын Тува улстай хамтраад зуны амралтаар хүүхдүүдээ сольж амраах ажлыг эхлүүлсэн. Хүнд нөхцөлд амьдарч байгаа 200 гаруй хүүхдийг буяны байгууллагын дэмжлэгтэйгээр Хархираа амралтанд амруулсан.

   Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагад 1200 хүүхэд сонгогдон ажиллаж байна. Эдгээр хүүхдүүдийг чадавхжуулахаар сургуулиудад Хүүхэд хөгжлийн төв байгуулж байгаа. Түүнчлэн хүүхдийн эрх ашгийг хамгаалахын тулд хүүхдийн найз утас, тусламжийн утас ажиллуулж байна. Хүүхдүүд энэ утсаар дамжуулаад эрх ашгаа хамгаалуулах, үзэл бодлоо илэрхийлэх асуудалд нэлээд сайн оролцож байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй 306 хүүхдэд Улаан загалмай, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын дэмжлэгээр тусламж үзүүлж ажилласан. Гэр бүлийн түвшинд хүүхдийг зөв төлөвшүүлэх чиглэлээр Шилдэг гэр бүлийг шалгаруулж шагнаж урамшуулж байна.

   Хүүхдийг амьдралын зөв зан үйлд сургах зорилгоор Хөдөлмөр амралтын гэр зуслан ажиллуулах саналыг сургуулиудад тавьсан. Одоо эхнээс нь ажил хэрэг болоод явж байна. Өнгөрсөн зун энэ зусланд 270-аад хүүхэд хамрагдсан. Энэ жил арай илүү олон хүүхэд амарсан.

   Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулаад 90 хүүхэд орсон чуулган зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганд хурдан морь унадаг, шатар даам тоглодог, бөх барилддаг, дуулж бүжиглэдэг, онц сурдаг гэх мэт бүх төрлийн авьяастай хүүхдүүдийн төлөөллийг оролцуулна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд