Үйлдвэрийн аргаар боловсруулсан мах зах зээлийн 30 хүрэхгүй хувийг эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Т.Ганболд нар Орхон сумын “Бат зургаан хошуу” ХХК-ийн гахайн аж ахуйд очиж гахай үржүүлгийн ажилтай танилцлаа. 400 гаруй гахайтай тус аж ахуйг анх 2011 онд хоёр эм, нэг эр тооройтой байгуулж байжээ.
Улмаар 2013 онд “КОЙКА” олон улсын байгууллагаас 10 жилийн хугацаатай 109 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээл авснаар өвлийн байр барьж аж ахуйгаа өргөтгөсөн байна. Өвлийн байрыг ханын пийшингээр халаадаг байсан бол нам даралтын зуухаар халаахаар ажлаа эхлүүлснээ тус аж ахуйг эрхлэгч М.Гончиг танилцуулав. Тэрбээр аж ахуйгаа өргөтгөж зуны байр барихын сацуу бүтээгдэхүүнээ боловсруулж “Дарханы брэнд”-ийг бий болгож зах зээлд нийлүүлэх зорилго тавьснаа яриад бизнесээ өргөтгөхөд арилжааны банкнуудын тавьдаг шаардлага хэт өндөр байдаг нь бэрхшээл учруулдаг тухай ярилаа. Аймгийн удирдлагууд жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээл болон тэжээлд нь анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн юм.
Хүн амын мах, сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа ч гахай, тахиа зэрэг туслах аж ахуйн үйлдвэрлэлийн аргаар боловсруулж бэлтгэсэн махны хэмжээ нийт зах зээлийн 30 хүрэхгүй хувийг эзэлж байна. Үлдсэн 70 гаруй хувийн хэрэгцээг манай улс БНХАУ, Польш зэрэг улсуудаас хангадаг. Иймд гахайн аж ахуй эрхлэгчдийг төр засгаас дэмжин нэмэгдүүлж орчин үеийн стандарт шаардлагын дагуу боловсруулбал дотоодын эрэлт хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой болох аж.
Б.Норовсамбуу