Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-06 14:34:54

Булган аймгийн Онцгой байдлын бие бүрэлдэхүүн энэ сарын 04-нд самар, жимс түүж яваад ойд төөрсөн хоёр иргэнийг эсэн мэнд олжээ.

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Бүрэнгийн нуруу”-нд самар түүж явсан 44 настай эрэгтэй Б, Сэлэнгэ сумын Ингэт багийн “Хантайн баруун бэлсэг”т жимс түүж явсан 50 настай эмэгтэй Б нар ойд төөрсөн байна. Тухайн өдөр Булган аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, эсэн мэнд олжээ.

Сүүлийн үед иргэд самар, жимс түүх, найз нөхөд, анги, хамт олноороо ууланд алхаж явах үедээ газар орны баримжаа алдсаны улмаас төөрөх тохиолдлууд гарсаар байна. Иймд, иргэд уул, модонд батлагдсан зам, маршрутаар бүлэг, багийн зохион байгуулалтад орж явах, зүг чиг баримжаалах хэрэгсэлтэй явахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ