ДУНДГОВЬ: Модны тарьц, суулгац, үрсэлгээ эрэлт ихтэй байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БОАЖГ-аас “Дундговио ногооруулъя”
үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний
хөдөлгөөн, “Дундговио ногооруулъя” дэд хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр мод
тарих өдрийг угтаж зохион байгуулсан үзэсгэлэн энэ жил хөл хөдөлгөөн ихтэй,
модны тарьц, суулгац, үрсэлгээ эрэлт ихтэй байлаа.
Үзэсгэлэнд 11 иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүтээгдэхүүнээ сурталчлан оролцож, хүнсний ногооны 13 төрлийн үр үрсэлгээ, 4 төрлийн шингэн болон хуурай бордоо, 7 төрлийн жимсний мод, 6 төрлийн навчит, 2 төрлийн шилмүүст модны тарьц суулгац, тасалгааны болон мандлын цэцгийн үр, 35 нэр төрлийн багаж хэрэгсэл, хүлэмжийн тоног төхөөрөмжийг танилцуулжээ.
Дундговь аймгийн хэмжээнд “Дундговио ногооруулъя” дэд хөтөлбөрийн
хүрээнд 2021 оноос мод, хүнсний ногоо тариалах тухай танхимын болон талбайн
сургалтыг гурван удаа зохион байгуулж, Сайнцагаан сумын "Аривжих
төгөл", Цэнгэлдэх хүрээлэн, авто зам дагуу мод тарих, найман суманд ногоон
байгууламжийн хашаа хамгаалалт хийх зэрэг үйл ажиллагаанд 540 сая төгрөг
зарцуулсан байна.
Тус аймгийн "Хан дээж" ХХК үзэсгэлэн худалдаанд оролцож, мод тарих иргэд болон тариаланчдад "Шимт бор" бордоогоо 3300 төгрөгөөр хямдруулан 10 өдрийн хугацаанд 5000 төгрөгөөр борлуулж эхэлжээ.