Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-17 08:48:08

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.


Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн саналын хуудасны загварыг батлаад буй. Сонгогч нь тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэх юм. Мандатын тооноос илүү эсвэл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл тухайн саналыг хүчингүйд тооцно.


Саналын хуудасны нам эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгогч өөрийн дэмжиж буй нэг нам эвслийг сонгож тэмдэглэх юм. Мөн нэгээс илүү нам эвслийг сонгож тэмдэглэвэл тус саналыг хүчингүйд тооцно.

УИХ-ын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх буюу мажоритор аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх буюу пропорционал аргаар сонгох аж.






Холбоотой мэдээ