Гульнара Якупова: Монголд номын зах зээл сүүлийн 20 жилд эрчимтэй хөгжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-17 15:35:53

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Туркийн номын зах зээлийн хамгийн том төлөөлөгч нь “Интротема” юм.


Тус агентлаг 2018 онд байгуулагдсан бөгөөд тавхан жилийн хугацаанд 2500 орчим номын зохиогчийн эрх зарж, олон хэлээр хэвлүүлжээ. Түүнчлэн хэвлэн нийтлэгчдийн орчуулгын ажлыг хөнгөвчлөх үүднээс орчуулагчдын сүлжээ байгуулж, 1000 орчим номыг чанарын өндөр түвшинд орчуулсан байна.


Өнгөрсөн хугацаанд дээрх агентлаг Туркийн 46, олон улсын 91 хэвлэлийн газрыг төлөөлөн Турк болон бусад оронд зохион байгуулдаг 50 гаруй үзэсгэлэн, яармагт оролцсон ажээ. Үүнээс гадна 5000 гаруй хэвлэлийн газартай харилцаа тогтоож, ажилласан байна. Тэгвэл “Интротема” агентлагийн төлөөлөгч Гульнара Якупова Монголд “Номын баяр”-т оролцохоор ирсэн бөгөөд түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Монгол сайхан оронд маань тавтай морилж байна уу. Анхны сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?

-Монголд анх удаа ирлээ. Маш гайхалтай санагдлаа. Монголчууд ямар ч соёлыг эн тэнцүү хүлээж авдаг нь надад таалагдсан. Монголын ард түмний ихэнх нь англи хэлээр ярьж чаддаг юм байна, гайхалтай. Би номын бизнесийн салбарт ажилладаг учраас хамгийн түрүүнд номын дэлгүүрт орохыг хүссэн. Өчигдөр хүслээ биелүүлж Монголын номын дэлгүүрт орлоо. Дэлхийн шилдэг номуудыг монгол хэлээр орчуулсан байгааг харах үнэхээр сонирхолтой байсан. Монголыг би хуучны маягаар төсөөлж байсан юм. Хөдөө шиг гэх үү дээ. Гэтэл орчин үеийн хот байгааг хараад сэтгэл их хөдөлсөн. Надад Улаанбаатар таалагдаж байна.


-Монголыг хэрхэн төсөөлж байв?

-Монгол бол дэлхийн түүхэнд маш их үүрэг гүйцэтгэсэн, өргөн уудам нутагтай том гүрэн байсныг хүн бүр мэддэг. Харамсалтай нь, Монголын тухай гэхээр дэлхийн соёлоос хоцрогдсон гэх ойлголттой байна. Би ч тэр хэмжээнд ойлгож байлаа. Гэтэл Монголд буухад энэ бүхнийг үгүйсгэмээр санагдсан. Үнэхээр орчин үетэй хөл нийлүүлж яваа улс байна.


-Манай улсад ирсэн зорилго юу вэ?

-Манайх 100 гаруй хэвлэлийн газрыг төлөөлж ажилладаг агентлаг юм. Монголын зохиолуудтай танилцаж, ямар зохиолыг орчуулж болох вэ гэдгийг сонирхож байна. Мэдээж хэвлэлийн компани, зохиолчидтой харилцаа тогтоох хүсэлтэй. Тиймээс маргааш олон хүнтэй уулзаж, санал бодлоо солилцоно. Монголын хэвлэлийн компани, зохиолчидтой цаашид төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаа юм. Ер нь, уншигчид Дорнын утга зохиол руу анхаарал хандуулдаг болсон. Түүнийг дагаад Монголын утга зохиолд ямар шинэ бүтээл гарч, ямар бүтээлийг орчуулж олон улсын зах зээлд гаргах боломжтойг судалж байна. Монголын хэвлэлийн газруудыг манай агентлаг их сонирхож байна.


-Монголд ирэхээс өмнө монгол зохиол уншиж үзэв үү?

-Санамсаргүй ч гэсэн монгол зохиол унших боломж гараагүй байна. Гэхдээ Монголоос хамтарч ажилладаг хэвлэлийн компани бий. Тэр нь “Нэпко”, “Тагтаа” паблишинг. “Нэпко”-той эртнээс хамтын ажиллагаатай. Туркт болдог номын яармагт ирж оролцдог. Тиймээс наашаа ирэхээсээ өмнө Монголын утга зохиолын талаар багахан мэдээлэл цуглуулж, судалгаа хийсэн. Танай улсын номын салбараас сонирхолтой мэдээ, мэдээлэл олж авахын тулд хичээж байгаа. Ирээдүйд монгол ном унших боломж гарна гэдэгт итгэлтэй байна.


-Ямар судалгаа юм бол. Сонирхолтой санагдаж байна. Танилцуулж болох уу?

-Судалгаагаар гурван зүйл гарч ирсэн. Нэгдүгээрт, Монголын хэвлэлийн газрууд гадаадаас номын эрх авч хэвлэн нийтлэх сонирхол их байдаг юм байна. Уншигчид ч тэр хэрээр их уншдаг болохыг харлаа. Хэвлэлийн газрууд ч олон юм. Хоёрдугаарт, хүүхдийн номыг монголчууд маш их сонирхдог болохыг судалгаанаас харж болно. Зураг ихтэй, текст багатай хүүхдийн ном монголчуудын анхаарлыг их татдаг бололтой. Гуравдугаарт, Монголын номын зах зээл сүүлийн 20 жил эрчимтэй хөгжжээ. Ялангуяа, гадаад авторуудыг их сонирхдог юм байна. Тиймээс хэвлэлийн газрууд гадаадын шилдэг номуудыг орчуулахыг эрмэлздэг болохыг судалгаа харуулсан. Тэр утгаараа бид Монголын номын зах зээл юу сонирхож байгааг мэдэхийн тулд энэ удаагийн “Номын баяр”-т оролцож байна.


-Маргааш Үндэсний номын баяр нээлтээ хийнэ. Та хэр догдолж байна вэ?

-Миний энд ирсэн гол зорилго энэ шүү дээ. Би анх Казахстаны Астана хотод болсон номын яармагийн үеэр Монголд зохион байгуулдаг “Номын баяр”-ын тухай мэдээлэл авч байсан юм. Дараа нь Монголын “Номын баяр”-ын талаар интернэтээс хайхад Википедиа дээр 10 гаруй орны хэлээр мэдээлэл гарч ирлээ. Энэ бол гайхалтай. Маш том, өргөн хүрээнд хийдэг болох нь мэдэгдсэн. Зураг үзэхэд хүүхдүүд их байсан. Эндээс монголчууд уншдаг ард түмэн юм байна гэдгийг хараад бахархсан. Монголчууд, ялангуяа хүүхдүүд энэхүү баяртаа маш их ач холбогдол өгдөг юм байна гэж ойлгосон. Маргааш биеэрээ оролцохыг тэсэн ядан хүлээж байна. Хүүхдүүд их оролцдог нь сонирхолтой санагдаж байгаа.  

 

 

Холбоотой мэдээ