Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна.
Үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдралын баталгаа болсон Онцгой байдлын байгууллагын ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо.
Ёслолын жагсаалд Онцгой байдлын байгууллага болон төрийн цэргийн байгууллагуудын нийт 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид нисдэг тэрэгтэйгээ оролцов.
Уг ёслолд Монгол Улсын төр, засгийн удирдлагууд, гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, ЭСЯ-ныхан, улсын аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс нарын олон зочин уригдсан байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой Байдлын Ерөнхий Газрыг өнөөдөр Сүхбаатарын одонгоор шагнасан юм.