Хөл бөмбөгийн спортод арьсны өнгөөр гадуурхахтай тэмцэх 5 зарчмыг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-05-17 17:22:49

БАНГКОК, 2024 оны тавдугаар сарын 17 /TASS/. Хөл бөмбөгийн спортод арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх таван зарчмыг Тайландын Бангкок хотноо болж буй Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) 74 дүгээр их хурлаар баталлаа. 


“Дүрэм ба хориг арга хэмжээ” гэж нэрлэсэн эхний зарчим нь ФИФА-гийн гишүүн бүх 211 холбооны сахилгын дүрэмд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалтыг заавал зөрчилд тооцож, зөрчил гарсан тохиолдолд тодорхой арга хэмжээ авах явдал юм. 


Хоёр дахь зарчим бол "талбай дээрх үйлдэл" бөгөөд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үйлдэл гарсан үед тоглолтыг зогсоох, түр зогсоох, эсвэл тоглолтыг хүчингүйд тооцно гэж заажээ. Түүнчлэн тоглогчид талбай дээр арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалтад өртөж байгаагаа дэлхий нийтийн дохио зангаа буюу гараа доош зөрүүлж харуулах ёстой.


"Гэмтнийг мөрдөн шалгах ажиллагаа" нь гурав дахь зарчим бөгөөд ФИФА арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалтыг эрүүгийн гэмт хэрэг эсэхийг тогтоохын төлөө ажиллана, ингэснээр энэ зарчмыг зөрчигчдийг хуулийн дагуу яллана.


Дөрөв дэх зарчим бол "суралцах" бөгөөд тус байгууллага арьсны өнгөөр ялгаварладаггүй ирээдүйг бий болгох боловсролын санаачилгыг боловсруулж, сурталчлахаар төлөвлөж байна.


"Тоглогчдын дуу хоолой" хэмээн нэрлэсэн тав дахь зарчимд заасны дагуу арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн илрэлийг хянах, зөвлөмж гаргах зорилгоор хуучин тоглогчдоос бүрдсэн ажлын хэсэг байгуулна.


“Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдал бол манай нийгэмд байдаг аймшигтай үзэгдэл бөгөөд хөл бөмбөгийн спортод ч илэрдэг. Энэ явдлыг бид зөв шийдэж чадаагүй л байна. Бид арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг зохих байр суурийг баримталж, тэмцэж, ялах ёстой. Цэнгэлдэх хүрээлэн, наранд шарлагын газар, өөр хаана ч бай ийм явдлыг цаашид хүлээн зөвшөөрч болохгүй. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхдаг хүмүүс бидэнд хэрэггүй, тэд явах ёстой, тэд хөл бөмбөгийн спортод байх ёсгүй” гэж ФИФА-гийн тэргүүн Жанни Инфантино мэдэгджээ. 



Холбоотой мэдээ