Пол Маккартни Их Британийн хөгжмийн салбарын анхны тэрбумтан болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2024-05-18 14:02:46

ЛОНДОН, 2024 оны тавдугаар сарын 18 /The Times/. Домогт Битлз хамтлагийн гишүүн Пол Маккартни Их Британийн хөгжмийн салбарын анхны тэрбумтан боллоо. 


Сэр Пол болон түүний гэргий Нэнси нар "The Sunday Times" сониноос жил бүр гаргадаг Их Британийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 165 дугаарт бичигджээ. Тэдний хөрөнгө өнгөрсөн онд 950 сая фунт стерлинг байсан бол жилийн дотор 1 тэрбум фунт стерлинг (1.27 тэрбум орчим ам.доллар) болж өссөн байна. Ийнхүү тэрбээр Элтон Жон, Мик Жаггер, Кит Ричардс нарыг ардаа орхижээ.


“Got Back” аялан тоглолт, мөн зохиогчийн эрхээс олсон орлого, Америкийн поп од Бейонсегийн дуулсан “Blackbird” дууных нь ковер амжилттай болсон нь Маккартниг тэрбумтан болоход нөлөөлсөн байна. 


Их Британийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Энэтхэгт гаралтай, бизнес эрхлэгч Гопи Хиндужагийн гэр бүл дахин тэргүүллээ. Түүний гэр бүлийн нийт хөрөнгийн хэмжээ жилийн дотор 2 тэрбум фунт стерлингээр (2.53 тэрбум доллар) өсөж, 37.2 тэрбум фунт стерлинг (47.05 тэрбум ам.доллар) болжээ. 


29.2 тэрбум фунт стерлингээр (36.93 тэрбум ам.доллар) үнэлэгдэх хөрөнгөтэй Америк, Британийн бизнес эрхлэгч Леонид (Леонард) Блаватник жагсаалтын гуравдугаар байраас хоёрдугаарт бичигдэв. Өдгөө 66 настай тэрбээр хөрөнгийнхөө хэмжээг жилийн хугацаанд 600 сая фунтээр (760 сая ам.доллар) нэмэгдүүлсэн байна.


Ах дүү бизнес эрхлэгчид болох Дэвид болон Саймон Рубен нар 24.98 тэрбум фунт стерлингийн (31.6 тэрбум ам.доллар) хөрөнгөөрөө жагсаалтын гуравдугаарт орлоо. Тэд нэг байраар ахиж, химийн үйлдвэрлэлийн “Ineos” группийн эзэн, “Манчестер Юнайтед” хөл бөмбөгийн клубийг хамтран эзэмшигч Жим Рэтклиффийг гүйцжээ. Их Британийн 4 дэх баян эрхмийн хөрөнгө нэг жилийн дотор 6 тэрбум фунтээр (7.6 тэрбум ам.доллар) буурч, одоо 23.52 тэрбум фунт стерлингээр (29.75 тэрбум ам.доллар) үнэлэгдэж байна. 

Холбоотой мэдээ