ДАРХАН-УУЛ: Номын баярыг хүүхдүүд рүү чиглэсэн хөтөлбөрөөр зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-18 14:44:32

Дархан, 2024 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өнөөдөр улс орон даяар "Илүү их уншъя" уриан дор номын баяр болж байна. Энэ сарын 18-20-ны өдрүүдэд  үргэлжлэх номын баярыг Дархан-Уул аймагт Соёл, урлагийн газар, Төв номын сан, Хүүхдийн номын ордон хамтран зохион байгуулж байна.




Нэг өнгө төрх, нэгдмэл агуулгатай болж буй номын баярыг бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах, нэн ховор, сонгомол бүтээлүүдийг толилуулж өргөн хүрээнд зохион байгуулж байна.




35 дахь удаагийн "Номын баяр"-ын нээлт Найрамдал талбайд болж соёлын байгууллагууд, ЕБС, СӨББ, уншигч, зохиолчид оролцлоо.




Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар жил бүр болдог уг баярыг хүүхэд багачууд руу чиглэсэн хөтөлбөрөөр зохион байгуулж байна гэж аймгийн Төв номын сангийн дарга Б.Цэцэгсүрэн онцоллоо. Тухайлбал Соёлын байгууллагуудын боловсролын хөтөлбөр, урлагийн тоглолт, ЕБС-ийн сурагчдын номын дүрүүдийн карнавал жагсаал, сурагчдын урлагийн үзүүлбэр, үнэт ховор номын үзэсгэлэн, номын худалдаа солилцоо, зохиолч уншигчдын уулзалт, уран зохиолын уншлага болж байна.




Түүнчлэн ирэх даваа гарагт зохиолч, уншигчдад зориулсан эрдэм шинжилгээний хурал, уншигчдын бага хурал, бүх насныханд зориулсан уран илтгэл болох юм.




Түүнчлэн "Номын баяр-2024"-ын нээлтийн үеэр "Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн" болзол хангасан сурагч, анги хамт олон, шилдэг номын санч, шилдэг уншигчдад энгэрийн тэмдэг батламж олгов.



Холбоотой мэдээ