БНАГУ-ын тухай роман бичсэн зохиолч Букерийн шагналыг хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2024-05-22 10:33:09

ЛОНДОН, 2024 оны тавдугаар сарын 22 /TASS/. Энэ оны Букерийн шагналыг Германы зохиолч Женни Эрпенбок "Кайрос"  романаараа хүртлээ. Англи хэлээрх уран зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй уг шагналын эзнийг тодруулах ёслол Лондон хотноо мягмар гаргийн орой болжээ. 


Энэхүү шагналыг дагалдуулан 50 мянган фунт стерлинг буюу 63.5 мянган ам.долларын мөнгөн шагналыг олгодог байна. Дүрмийн дагуу Ж.Эрпенбок уг мөнгийг зохиолыг нь англи хэл рүү хөрвүүлсэн орчуулагчтай хуваалцах бөгөөд Германы яруу найрагч Майкл Хофманн түүний романыг орчуулсан байна.


Грекийн азын бурхны нэрээр нэрлэгдсэн энэхүү номд 1989 онд Берлиний хана нурсны дараах үйл явдлуудын үеэр Катарина, Ханс нарын харилцаа хэрхэн өрнөж байгаа тухай өгүүлдэг.


"Зохиолд агуу хайрын тухай, хайр хэрхэн бөхөж байгааг өгүүлж байгаа боловч энэ бол бүхэл бүтэн улс төрийн тогтолцооны задралын тухай түүх юм. Энгийнээр хэлбэл, эхэндээ зөв санагдсан зүйл хэрхэн буруу зүйл болж хувирдаг тухай юм.  Энэ шилжилтийг би сонирхож байлаа. Энд маш олон зүйл хэлтэй холбоотой, учир нь хэлээр дамжуулан мэдрэмж, санаагаа илэрхийлэхийн зэрэгцээ тэдгээрийг нуун дарагдуулж, бас хууран мэхэлж байдаг" хэмээн Ж.Эрпенбок ярьжээ. 


Өдгөө 57  настай Ж.Эрпенбок "Кайрос" романаа 2021 онд хэвлүүлжээ. 2023 онд англи хэл рүү орчуулагдсан энэхүү зохиол нь түүний дөрөв дэх зохиол, хамгийн сүүлд бичсэн роман юм. Тэрбээр мөн хэд хэдэн богино өгүүллэг хэвлүүлж байсны зэрэгцээ театрт ажиллаж байжээ. Ж.Эрпенбек шагналаа гардан авах үеэрээ удам судрынхаа талаар ярьсан байна. Түүний өвөг эцэг, эмэг эх нь Германы зохиолч, жүжигчин Фриц Эрпенбек, Хедда Зиннер нар бөгөөд ЗХУ-д олон жил амьдарч, Дэлхийн II дайн дууссаны дараа Герман-Зөвлөлтийн найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байжээ. Зүүн Берлинд түүний өвөг эцгийн нэрэмжит гудамж байдаг.


Букерийн шагналтнуудыг тодруулах сүүлчийн шатанд шалгарсан зохиолчдыг дөрөвдүгээр сарын 9-нд танилцуулжээ. Шүүгчид жагсаалтад багтсан 13 бүтээлээс 5 номыг сонгон шалгаруулснаас 2 нь Латин Америкийн орнуудын зохиолчдын бүтээл байв.


"Кайрос" зохиолоос гадна Бразилын зохиолч бага Итамар Виейрагийн "Тахир анжис", Аргентин гаралтай зохиолч Селва Алмадагийн "Энэ бол гол биш" зэрэг романууд сүүлчийн шатны шалгаруулалтад багтжээ. Энэхүү нэр хүндтэй шагналын төлөө мөн Нидерландын зохиолч Йенте Постхума (“Миний бодох дургүй зүйлийн тухай”), Өмнөд Солонгосын зохиолч Хван Сок Ён (“Төмөр замын гурван үеийн ажилчид”) нар өрсөлдсөн байна.

Холбоотой мэдээ