Олимпын галт бамбарыг Каннын улаан хивсэн дээгүүр буухиалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-05-22 11:21:16

КАНН, 2024 оны тавдугаар сарын 22 /France24/. Францын тамирчид Олимпын галт бамбарыг мягмар гарагт Каннын кино наадмын улаан хивсний ёслолын үеэр буухиалжээ. 


Энэ сарын эхээр галт бамбарыг Грекээс XIX дүгээр зууны үеийн хөлөг онгоцоор тээвэрлэн Францын өмнөд нутгийн Марсель боомт хотод авчирсан юм.


Өдгөө галт бамбарыг ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд болох Парисын Олимпын нээлтийн ёслол эхлэх хүртэл Франц даяар болон тус улсын хилийн чанад дахь нутаг дэвсгэрүүдээр аялуулж байгаа билээ.


Улаан хивсний ёслолын явцад бамбарыг буухиалах үеэр 1924 оны Парисын Олимпод оролцохоор бэлтгэж буй гүйлтийн тамирчдын тухай өгүүлдэг “Chariots of Fire зэрэг спортын киноны ая дуунууд эгшиглэж байлаа.


Галт бамбарыг Францын сагсан бөмбөгчин Илиана Рупер, их спортоос зодог тайлсан богино зайн гүйлтийн тамирчин, Олимпын гурван алтан медальт Мари-Жозе Перек, Парисын наадмыг зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге тэргүүтэй хүмүүс залан буухиалжээ.


Олимпын галыг Францын эх газар болон Карибын тэнгис, Энэтхэгийн далай, Номхон далай дахь нутаг дэвсгэрүүдээр дамжуулан 12 мянган км урт замаар 400 хот суурин, олон арван дурсгалт газруудаар аялуулах юм. Эрх баригчид буухианы үеэр аюулгүй байдлыг сайтар хангахаа мэдэгджээ.  



Холбоотой мэдээ