СЭЛЭНГЭ: Хаврын анхны зочин яргуйн тухай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-25 15:45:53

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/.  

 

 . . . Яргуй чи минь яараад ирээ юу?

       Яруухан хавартаа золгоод ирээ юу?

. . . хэмээх нэгэн сайхан дууны мөрүүд сэтгэлд уянгалах. Яргуй үнэхээр голын цөнг түрэхээр, эсвэл усны шувуудаа угтах гэж яаран ирдэг юм болов уу?


Эсвэл хахир өвөл халаагаа өгч буйг илтгэж цасан дороос инээмсэглэн мэндэлдэг юм болов уу?

Юутай ч энэ сайхан, сонин, содон, цэнхэртэх яргуй цэцгийн яаран ирдэг нууц соньхон.


Яргуйн талаар судлаачид, эмч, мэргэжилтнүүд, ардын уламжлалт эм бариач нар өөр өөрийн өнцгөөс тайлбарлан, сонирхолтой баримт үлдээснийг ажиглахад байгалийн хүчит эмийн ургамал юм.  


Мөн түүний анагаах увдисын талаар домог мэт ам дамжин тархсан түмний ярианаас сонсоход ямартаа ч анагаах хүч чадал ихтэй, байгалийн эмч, эм гэдэг нь үнэн бололтой.


Миний тухайд ухаан орсон цагаасаа л ахмад хүмүүсийн амнаас “яргуй идсэн ямааны мах хавар цагт эм, дөнгөж ургасан яргуйг ямаа мэт дөрвөн хөллөөд, амаараа тасдаж, зажилж идвэл хоолойны төрөл бүрийн өвчинд гаргуун сайн” гэж сонсож өссөн. Өөрөө ч сонирхон мөлхөж идэж явсан түүхтэй. Одоогоор бол их халуун ногоотой хоол л гэсэн үг. Ам дарвигнаад, түлж байгаа мэт хэцүүхэн мэдрэмжийг өгдөг юм билээ. Энэ түүхийг над шиг ярих хүмүүс олонтаа таарна.


СЭЛЭНГЭ НУТАГТ ХАВАР, ЯРГУЙ ХОЁР ХАМГИЙН ТҮРҮҮНД АЙЛЧЛАН ИРДЭГ


Монгол Улсын хойд хилийн боомт, Сэлэнгэ нутагт хавар, яргуй хоёр хамгийн түрүүнд айлчлан ирдгээрээ онцлогтой.


Цас ханзарч дуусаагүй байхад, цасан дороос түрэн ургах яргуйг Сэлэнгэ нутгаас олонтаа харна. Гэвч энэ цаг үед баруун, зүүн, говийн аймгуудад яргуй дэлбээлэх нь бүү хэл өвлөөрөө байгаа сураг сонсогддог.

Энэ бол Сэлэнгэ нутгийн, газар тариалангийн бүс нутгийн бас нэгэн онцлог буйзаа.


Үүнийг гэрчлэх мэт зохиолч, сэтгүүлч Н.Сүхдорж агсан “Сэлүүн дэнжийн яргуй” гэх сайхан дуу бүтээсэн байдаг. Сэлэнгэд яргуй эрт ирдгээрээ онцлог болохоос энэхүү сайхан ургамлын ач тус ургасан газар бүрдээ мэдээж ижил байх л даа.


Эрт дээр үеэс монголчууд яргуйг арьсны янз бүрийн шарх, үрэвсэлт өвчний үед, мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл зэрэгт хэрэглэж иржээ. Мөн аливаа хор тайлах, хүний биеийн хэмийг бариулах, сүрьеэ, хөхүүл ханиад зэрэгт хэрэглэдэг байсан гэлцдэг.


Түүнчлэн төрөлт удааширч байхад үед түүнийг хэрэглэснээр төрөлтийг хөнгөвчлөн, өвдөлтийг намдаадаг зэрэг ач тусын тухай ном зохиолд өгүүлсэн байдаг.  Хэдийгээр ийм их ашиг тус, эрдэм чадал ихтэй ч яргуйны анагаах, сэргээх увдисыг шинжлэх ухааны түвшинд нотолсон зүйл одоогоор байдаггүй аж.


Гэхдээ яргуй идэх нь үнэхээр сайн, эсвэл муу талаар анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд өөр өөрийн өнцгөөс өгүүлсэн байна.   


Улаанбаатар хотын “Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, Монгол анагаах ухаанаар бол яргуй нь халуун чанартай, цус бага зэрэг шингэлдэг гэж батлагдсан. Тэгэхээр цусаа шингэлэх гэж байгаа бол заавал яргуй идэж ходоод гэдсээ шархлуулж байснаас аспирин уучхаж болно гэж хэлмээр байна. Яргуй их халуун чанартай ургамал. Тэгэхээр хордож харшил авч болно” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.


Монгол Улсын гавьяат эмч, Оточ Одь эмнэлгийн ерөнхий захирал П.Баатар, Хавар болоход хүмүүс шинэ гарсан яргуй идвэл хүч тамир орно гэж үздэг. Гэхдээ ургаж гүйцээгүй, хор нь гараагүй байхад яргуйг идсэн ихэнх тохиолдолд могойн яр өвчин тусдаг. Монголчууд үүнийг лусын өвчин ч гэдэг. Тэгэхээр наанадаж тухайн ургамлын хор нь гарсны дараа хэрэглэх хэрэгтэй.


Эмийн ургамал бүр өөр өөрийн гэсэн амт чанар нь тод буух цаг үед нь түүж хэрэглэвэл үр өгөөжөө өгдөг. Ганцхан түүлтээр идэх нь долоон тамир, гурван хий, таван махбоддоо өөрчлөлт оруулах талтай.


Яргуйг зүгээр нэг түүгээд идээд байж болохгүй. Долоо, найм, есөн яргуйг нэг дор түүж идвэл хоолойны болон зарим өвчинд сайн гэж хүмүүс хошуурдаг. Мөн яргуй идсэн малын мах, гөрөөсний цус сайн гэж ууж, идэх гэж тэмүүлэх нь их болжээ. Ингэж байгаа нь тун харамсалтай юм. Яргуй идсэн ямааны махыг борцолж шөлтэй хоол, цайндаа чимх чимхээр хийж иддэг эртний мэргэдийн ёс уламжлалд байдаг. Энэ л хамгийн шилдэг, зөв арга” хэмээсэн байна.  


Эмгүй эмчилгээний гайхамшиг Рейки бясалгалын багш Ганеша, "Яргуй цэцгийг уламжлалт анагаах ухааны судруудад хэрхэн хэрэглэж байсан тухай өгүүлэхдээ “Та өөртөө тохирохыг нь хэрэглээрэй. Гэхдээ байгалиас авч буй болохоор талархах, хайрлахаа бүү мартаарай, бас авсан бол хэрэглээрэй, хэрэглэхгүй хадгалах юм бол бүү аваарай” хэмээгээд дараах тайлбарыг өгсөн байна.


-Хэрвээ та даралт ихэсдэг бол 10 хоног хээр гарч цэвэр газрын энгэрийн яргуйнаас өдөрт 1 ишний цэцгийг сайн зажилж идэх маягаар, 10 хоног тэр энгэрээсээ тогтмол цагт 1 яргуй түүж идвэл даралтаасаа салж болох нь байна.


-Яргуй идсэнээс хойш 2-3 цаг болоод халуун хоол идэхээ мартав.


-Эхний усаар авсан сайн гарсан шимийн архинд (одоо үед бол цагаан архи 500-750 гр) 21-32 ширхэг яргуйг 21 өдөр дараад, оройд 1 жүнзийг тогтмол эмийн маягаар ууж барахад бүхий л төрлийн хийн өвчнийг анагаана. өөрний, үе мөчний, зүрхний, элэгний, савны гээд 5 цул 6 сав, мах булчин яс бүгд л хий ихэддэг шүү дээ/.


-Хөх яргуйг няцлаад үе мөчний өвчтэй газраа өдөрт 30 минут тавьж боовол эдгэнэ. Цагаа сайн барих хэрэгтэй, хэтрүүлбэл цэврүүтэх гэмтэй.


-Жилд 5 хоногийн зайтай 3 удаа, 1 удаад 1 дор 3 ширхэг яргуйг сайтар удаан зажилж идвэл хоолойн махыг шимэгдүүлж, хоолойн өвчнөөс сэргийлэх суурь болж өгнө” гэжээ.  


МОНГОЛ ОРОНД 6 ЗҮЙЛИЙН ЯРГУЙ УРГАДГИЙГ СУДЛААЧИД ТОГТООЖЭЭ


Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу сэрүүн бүсэд нийт 35 зүйлийн яргуй ургадаг байна. Эдгээрээс зургаан зүйлийнх нь Монгол оронд ургадгийг эрдэмтэд судалсан байна.


Үүний талаар МУИС-ийн багш доктор, профессор Д.Суран:

Яргуй хаа сайгүй тохиолддог ч энд тэндхийн жалга хөндий, мөн говьд ховор ургадаг. Эдгээр 6 зүйл яргуйны тав нь хөх, нэг нь шар цэцэгтэй ч хоорондоо ялгарах онцлог байдаггүй. Хөрсний гадаргын градус өдөртөө +5, шөнөдөө 0 болсон тохиолдолд яргуй дэлгэрэх нөхцөл бүрддэг байна.


-Ээдрээт яргуй. Үүний үндэс орчмын навч нь өдлөг, үзүүр тал руугаа салбарласан байдаг байна. Энэ яргуй элсэрхэг, эргийн хайрга, нуга, чулуурхаг хажуу, ойн цоорхойд ургадаггүй аж. Учир нь хөрсөө голж байгаа нь тэр юм. Иймээс түүнийг ээдрээт хэмээн нэрлэжээ. Энэ ээдрээт яргуй нь хортойд тооцогддог байна. Үүнийг бог мал идэх нь элбэг аж.


-Хөх яргуй нь бидний сайн танил. Бутаар ургадаг бөгөөд ээдрээтээс эрс өөр юм. Тухайлбал байц цохио, чулуурхаг хайргатай, хуурай газар ургадаг байна. Хөх яргуйнд ямаа хамгийн дуртай.


Яргуй хэдийгээр богино хугацаанд дэлбээлээд хагдардаг боловч хур бороо элбэгтэй жил намар эргээд ургадаг сонин цэцэг юм. Үүнийг яргуй хэнзлэх хэмээн нэрийддэг байна.


Яргуйг уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр иржээ. Ингэж хэрэглэхдээ уг ургамлын газар дээрх хэсэг буюу цэцгийг хатааж хэрэглэдэг байна. Монголчууд яргуйг ургаж эхлэх үед нь идэж хэрэглэдэг боловч нэг дор олноор идвэл эм биш хор болдог хэмээдэг.


Хүн болгон яргуйг хэрэглэж бас болохгүй. Тухайлбал яргуй нь ходоод гэдэсний өвчтэй хүн, жирэмсэн эхчүүд, ходоодны ил шархтай, элэгний хатууралтай /цирроз/ хүмүүс хэрэглэж болохгүй гэсэн заалттай” гэж тэмдэглэсэн байна.  


Тиймээс тэсгим өвлийг даван, хаврын хуйсгануур улиралтай золгохдоо сульдаж, ядарсан хүн, малыг тэнхрүүлэх, тэдэнд ашиг шимээ өгөх гэж яаран ирж, бүхнээс түрүүлж ургадаг нь яргуйн онцлог ч юм уу?

Холбоотой мэдээ