ДУНДГОВЬ: Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад салбарын цахим шинэчлэлийг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-27 10:55:34
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамтран зохион байгуулж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний сургалтыг Дундговь аймагт зохион байгууллаа.


Сургалтад Дундговь аймгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, төрийн холбогдох албан тушаалтан 270 гаруй хүн хамрагдаж, эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг багасгахад төрөөс баримталж буй бодлого чиглэлийн талаар ойлголттой болжээ.


Сургалтын үндсэн илтгэлийг Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” сэдвээр тавьж, “Алсын хараа-2050”-д тусгасан эрүүл мэндийн салбарын зорилт, үйл ажиллагааны хэрэгжилт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичиг болох “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан “Төрийн бүтээмж” зорилтын  хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэх, хүлээгдэл, чирэгдлийг багасгахад мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт ашиглан шинээр нэвтрүүлж байгаа тухай танилцуулжээ.



Түүнчлэн цахим шилжилтийн бодлого, цахим эрүүл мэнд, эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлт, анхаарах асуудлууд, нийгмийн эрүүл мэнд, үйлчилгээний стандарт зэрэг сэдвүүдийн хүрээнд холбогдох байгууллагын удирдлага болон мэргэжилтнүүд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. 


Ийнхүү эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл хийж, мэдээллийн технологийн дэвшлийг ашигласнаар эмийн жор, амбулатори, жирэмсний хяналт, хүүхдийн ягаан дэвтэр, дархлаажуулалт, дүрс оношилгоо, лабораторийн шинжилгээний хариуг иргэд И-Монгол платформоор дамжлуулан авах боломж бүрдэж, үйлчилгээ авахад илүү хялбар болох юм. 



Холбоотой мэдээ