ХӨВСГӨЛ: “Сэрүүн сайхан хангай” уртын дууны уралдаанд 70 гаруй дуучин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-28 10:04:30

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол уртын дууны өвийг хадгалах, урын санг баяжуулах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, залуу үеийн дуучдын залгамж холбоог нэгтгэн бэхжүүлэх зорилгоор “Сэрүүн сайхан хангай” уртын дууны улсын уралдааныг Хөвсгөл аймгийн Жаргалант суманд зохион байгуулж байна.


Уралдаанд 11 аймаг, 45 сум, нийслэлийн 9 дүүрэг болон мэргэжлийн театр чуулгын төлөөлөл нийт 77 уртын дуучин оролцож байна.


“Сэрүүн сайхан хангай” гэж Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Идэр, Чулуут голын хоорондох Хангай ханыг хэлдэг.


Хангай ханыхан зуны эхэн сар гаруут идээ цагаа тавиад “Сэрүүн сайхан хангай” дуугаа дуулж, хангай дэлхийдээ хүндэтгэл илэрхийлдэг байжээ.


Тиймээс хошууны хүндэтгэлийн ёслол, найр наадмын эхэнд “Сэрүүн сайхан хангай” дууг дуулдаг уламжлалтай байсан байна.



Энэ дууг дээрх нутагт “Сэрүүн” хэмээн нэрлэж заншсан бөгөөд Сэрүүний Далайхүү, Сэрүүний Ёндон гэх зэрэг энэ дуугаар овоглосон, алдартай дуучид байжээ.


 Түүнчлэн Хөвсгөл аймгийн Жаргалант суманд “Сэрүүнийхэн” хэмээх овог үүсжээ.

 

Холбоотой мэдээ