“Халх гол” экспедицийнхэн 27 орос цэргийн шарил олжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны
тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улаанбаатар
дахь Русский дом (РЦНК)-д “Халхын гол: Бидний алдар нэр улам их-2024” олон
улсын экспедицийн уулзалт өчигдөр болсон юм.
Энэ жил тохиож буй Халхын голын ялалтын 85 жилийн ойг угтан тус экспедицийнхэн тавдугаар сарын 15-нд манай улсад ирж, Халхын голын тулалдаан болсон Ремизовын толгод зэрэг газарт найм хоног ажилласнаа танилцууллаа.
ОХУ-ын 11 мужийн сайн дурын ажилтнууд болон Москва, Пермь хот, Өвөрбайгалийн их сургууль, мөн Монгол Улсын их, дээд сургуулийн оюутан, багш нар, түүхчид, судлаач нар оролцсон экспедицийнхэн Улаан армийн 27 цэргийн шарил олсон байна.
Энэ талаар экспедицийн дарга
А.В.Орлов мэдээлж, Халхын голд байлдаж яваад сураггүй болсон 2000 орчим орос цэрэг байдгийг дурдлаа. Экспедицийнхэн
Халх голын тулалдаантай холбоотой түүхийн дурсгалт зүйлс, олдвороо Дорнод
аймгийн Халх гол сумын “Ялалт” музейд хүлээлгэн өгчээ.