Д.Оюунбадам: Төсвийг ЭЗХЯ илүү тооцоо, судалгаатай боловсруулж гаргах нь ач холбогдолтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-28 15:40:47

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нээлттэй нийгэм форум (ННФ)-оос өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчдэд Улсын төсвийн шинэчлэл, өөрчлөлт, хэрэгжилт, төсөвтэй холбоотой хүлээгдэж буй хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өглөө. Энэ талаар ННФ-ын Төсвийн хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамаас тодруулав.


-Төсөвтэй холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөл цаг тухай бүрд нь дүгнэлт, зөвлөмж гаргаж байгаа. Энэ талын сүүлийн үеийн ямар дүгнэлтийн зөвлөмж гараад буйг тодруулна уу?

-ЭЗХЯ 2025 оны Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг УИХ-д өргөн бариад байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл энд дүгнэлт, зөвлөмж гаргасан. Түүнээс харахад, орлогын төсөөлөл өндөр, өөдрөг хэвээр байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын геополитикийн эрсдлийг нэлээн харгалзан авч үзэх хэрэгтэй байгаа гэж гарсан.


Манай улс эдийн засгийн өсөлтөө өөдрөгөөр төсөөлсөн. Ингэснээр төсвийн орлогыг мөн өөдрөгөөр төсөөлөх боломжтой болж, зэрэгцэн зарлагаа нэмэгдүүлж, нэгдсэн төсвийг алдагдалтай байдлаар төсөөлсөн. Уг нь төсвийн алдлагдлыг бууруулах хэрэгтэй байна. Хуримтлагдсан алдагдал нэлээн өндөр байгаа үед энэ нь чухал юм.


Бүсчилсэн хөгжлийн хүрээнд аль бүсийг, ямар чиглэлээр хөгжүүлэх гэдгийг тодорхойлсны үндсэн дээр хөрөнгө оруулах, мөн тэндэх хувийн хэвшлийг дэмжиж ажиллах нь илүү үр дүн, өгөөжтэй.

 

-Төсвийн төслийг өмнө нь Сангийн яам боловсруулаад өөрөө захиран зарцуулах эрхтэй явдаг байсан бол одоо ЭЗХЯ боловсруулаад, Сангийн яам түүнийг нь хянаж гүйцэтгэж явахаар байгаа. Үүний давуу тал нь юунд байх вэ?

-Төсвийн хүрээний мэдэгдлийг ЭЗХЯ илүү эдийн засгийн тооцоо, судалгаатай боловсруулж гаргана. Энэ нь сайн талтай, нэлээн ач холбогдолтой юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг өмнө нь Улсын төсвийн төслийг өргөн барихдаа шууд цуг оруулдаг байсан. Үүнийг Төсвийн тухай хуулийн өөрчлөлтөөр зогсоохоор болсон.




Төсвийн төслийг өргөн барихаас 3 сарын дотор төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахгүй гэж тусгасан нь нааштай заалт болж байгаа. 


Жишээ нь, төсвийн төслийг өргөн барихаас 3 сарын дотор төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахгүй гэж тусгасан нь нааштай заалт болж байгаа. Ингэснээр Засгийн газар төсвөө төсвийн төслийн мэдэгдлээ өрийн болон хөрөнгийн таазанд тохируулан боловсруулж байхаар заасан. Энэ нь төсвийн сахилга батыг хангахад ч чухал, ач холбогдолтой юм. Ер нь Төсвийн тухай хуулийн гол гол заалтын хэрэгжилтийг хангах хэрэгтэй байна.

-Бүсчилсэн хөгжилтэй холбоотойгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтыг яаж хуваарилдаг вэ?

-Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх бодлого нэгдсэн байдлаар явах ёстой байдаг. Бусдаар төсвийг олон тал руу цацах нь тийм ч оновчтой бус. Тооцоо, судалгаа тааруу төслийн хөрөнгө оруулалтыг оруулах нь үр ашиггүй байх нь мэдээж. Харин бүсчилсэн хөгжлийн хүрээнд аль бүсийг, ямар чиглэлээр хөгжүүлэх гэдгийг тодорхойлсны үндсэн дээр хөрөнгө оруулах, мөн тэндэх хувийн хэвшлийг дэмжиж ажиллах нь илүү үр дүн, өгөөжтэй. 

Холбоотой мэдээ