ЗАВХАН: Алдартны танхимын уулчдын буланг шинэчлэн дэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-05-29 16:56:45

Улиастай, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейн Алдартны танхимын уулчдын буланг шинэчлэн дэглэжээ.


Монгол Улсад Орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жил, Завхан аймгийн музей үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд аймгийн музей олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажил, музейн үзмэрийг баяжуулах, үйлчилгээгээ өргөтгөх ажлуудыг хийж байна.

Үүний нэг нь аймгийн Алдартны музейн уулчдын буланг шинэчлэн дэглэжээ. Энэ буланд Завхан аймгийн дөрвөн уулчны амжилт, түүхийг харуулсан гурван дэсийн 10 гаруй үзмэр бий.


Тухайлбал, 8000-аас дээш оргилын эзэд болох Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын Олон Улсын хэмжээний мастер Б.Гангаамаа, Улиастай сумын харьяат уулын спортын Олон улсын хэмжээний мастер Ө.Батманлай, Тосонцэнгэл сумын харьяат уулын спортын Олон улсын хэмжээний мастер С.Бат-Эрдэнэ, Цагаанчулуут сумын харьяат уулын спортын тамирчин Ц.Алтансүх нарын зураг, танилцуулга, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг шинэчлэн дэглэсэн байна.


Уулчдын авиралтын үеэрээ өмсөж гарсан дээл, хувцас, малгай, бүс, амжилтын түүх, уулчдын танилцуулга, уулын оргилыг эзэлсэн сертификат үнэмлэх бүхий гурван дэсийн 3 үзмэрээр баяжуулжээ.


Уулчдын буланд Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаагийн хүйтний 7 оргилд гарсан гутал хадгалагдаж байна.


2013 онд уулчдын буланг анх нээж байсан юм. Анхны үзмэр нь монгол төрийн сүлд далбаа, Завхан аймгийн тугийг цаст уулын оргил Шишапангмад анх удаа буюу 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдөр мандуулсан “Уулсын оргил өөд” ТББ-ын тэргүүн, уулын спортын Олон улсын хэмжээний мастер Ө.Батманлайгийн өмсөж гарсан малгай, дээл, бүс юм. 



Олон улсын хэмжээний мастер Ө.Батманлай нь энэ авиралтыг Завхан аймгийн түүхт 90 жилийн ойг угтаж хийж байсан. БНХАУ болон Төвөдийн нутаг дэвсгэрт 8013 метрийн өндөрт орших Гималайн нурууны Шишапангма уулын авиралтыг монгол үндэсний хувцастай, нэмэлт хүчилтөрөгчгүй, ширпа /нутгийн газарч/-гүйгээр хийснээрээ онцлогтой юм.

Түүнчлэн энэхүү түүхэн авиралтынхаа явц, амжилтын талаарх албан ёсны мэдээллийг уулчин маань зөвхөн МОНЦАМЭ агентлагаар дамжуулан хүргэж байсан.

Дэлхийд 8000 метрээс дээш өндөртэй 14 оргил байдаг. Тэрхүү оргилуудын нэг, өмнө нь монгол хүн авирч байгаагүй Шишипангма оргилыг эзэлсэн 2013 оны түүхэн үйл явдлыг бэлгэдэж аймгийн музейд уулчны буланг нээж байсан нь саяхан. Тэгвэл энэ жил уулчдын булан маань баялаг үзмэрүүдтэй болж энэ сард нээлтээ хийснээс хойш 120 орчим хүн үзжээ. 


Нээлтийн үеэр Олон улсын хэмжээний мастер Ө.Батманлай музей үзэхээр ирсэн иргэд, хүүхэд багачуудад уулын спортын гайхамшгийн талаар сонирхолтой мэдээлэл өгсөн гэж Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэг мэдээлэв.  


Сонирхуулахад Гималайн нурууны Шишапангма нь төвөд хэлээр "Ариун догшин уул” хэмээх утгатай, Завхан нутгийн шүтээн Отгонтэнгэр хайрхан лугаа адил ард түмний шүтээн болсон уул юм. 

Холбоотой мэдээ