ЗАВХАН: 300 орчим хүн монгол өв соёлын талаарх мэдлэгээ тэлжээ

МУЗЕЙН ҮНЭТ ӨВ
myagmarsuren@montsame.mn
2024-05-30 16:13:35

Улиастай, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейгээс “Монгол өв соёлоо дээдэлье” музей үзэх аяныг явуулж 300 орчим иргэн үйлчлүүлжээ.


Монгол Улсад орчин цагийн музейн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Завхан аймгийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд тус музей сар бүр зорилтот үйл ажиллагааг явуулж байгаа юм.


Үүний нэг нь “Монгол өв соёлоо дээдэлье” аян юм. Аяны хүрээнд төрийн албан хаагчийг гэр бүлийн хамт аймаг, орон нутгийн онцлог бүхий өв соёлыг танин мэдэх, уламжлалт тоглоом наадгайгаар тоглож цахим хэрэглээгүй 1-2 цагийг музейд өнгөрүүлэх. Мэдлэг оюуны хөрөнгө оруулалтыг өв соёл, түүхээ мэдэхээс эхлүүлэх зөв дадлыг бий болгох зорилготой юм.

Монгол өв соёлоо дээдэлье  музей үзэх аянд тавдугаар сард 300 орчим иргэн оролцож аймгийн музейн байгаль, түүхийн танхим болон алдартнуудын танхимын үзмэрүүдийг үзжээ.


Тухайлбал байгаль, түүхийн танхимын үзмэрүүдийг 18 байгууллагын 256 ажилтан гэр бүл, хүүхдүүдийн хамт үзэж сонирхсон байна.

Сонирхуулахад Завхан аймгийн музей 1924 онд байгуулагдсан. Музей нь сан хөмрөг болон үзүүллэгтээ 10.500 гаруй үзмэртэй. Аймаг, орон нутгийн онцлог бүхий “Орон нутгийн музей” болон “Алдартны музей” гэсэн хоёр төрөлжсөн музейн нийт 18 танхимд үзмэрээ дэглэн олон нийтэд үзүүлж байна.  


Холбоотой мэдээ